Нийт 710 гомдол, мэдээлэл хүлээн авав /2012.10.31/

A- A A+
Нийт 710 гомдол, мэдээлэл хүлээн авав /2012.10.31/
Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 710 гомдол, мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим шуудангаар, шуудангаар, факсаар хүлээн авч, иргэдэд утсаар болон биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг хэрэгжүүлж байна.

Нийт гэмт хэргийн шинжтэй 301 гомдол, мэдээллийг хянан үзэв. Эдгээрийн 59 гомдол, мэдээлэл буюу 19.6 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн, 133 гомдол, мэдээлэл буюу 44.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буурсан, 103 гомдол, мэдээлэл буюу 34.2 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд ажиллагаанд 17 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 94.3 хувьтай байна.

Эрүүгийн 151 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Хуульд заасан харьяаллын 151 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 60 буюу 22.6 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 29 буюу 10.9 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 16 буюу 6 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 6 буюу 2.2 хувь, хээл хахууль авах 35 буюу 13.2 хувь, хээл хахууль өгөх 6 буюу 2.2 хувь, хээл хахууль зуучлах 8 буюу 3 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 9 буюу 3.3 хувь, бусад 96 буюу 36.2 хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 37 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 26 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр , 29 хэргийг буюу 20.4 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 24 хэргийг буюу 16.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 19 хэргийг буюу 13.4 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэн, эрүүгийн 3 хэрэг түдгэлзүүлсэн байна. Тайлант хугацааны эцэст ажиллагаанд 39 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Мөрдөн байцаалтын явцад 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Эрүүгийн хэрэгт нийт 295 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдсан байх бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 35 буюу 11.9 хувийг, төрийн захиргааны 61 буюу 20.8 хувийг, төрийн тусгай 19 буюу 6.5 хувийг, төрийн үйлчилгээний 62 буюу 21.2 хувийг, энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 71 буюу 24.2 хувийг, гадаадын иргэн 3 буюу 1 хувийг тус тус эзэлж байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 8 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 38 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 3.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.