Хувийн ашиг сонирхлоо мэдүүлээгүй 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулав /2012.10.31/

A- A A+
Хувийн ашиг сонирхлоо мэдүүлээгүй 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулав /2012.10.31/
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг энэ оны 8 дугаар сарын 15-ны дотор явуулж дуусган улсын хэмжээнд мэдүүлгийг бүртгэсэн нэгдсэн тайланг гаргахад 46000 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн.

Мэдүүлгээ хугацаа хожимдуулж бүртгүүлсэн 7, гаргаж өгөөгүй 96 албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцуулахаар төрийн болон нутгийн захиргааны нийт 27 байгууллагын удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлсний дагуу өнөөдрийн байдлаар 38 албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай хариу ирүүлсэн байна. Үүнд:
  • ажлаас халсан -2
  • цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулсан-1
  • сануулсан-12
  • анхааруулсан-18
  • эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа болон бусад шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн-5
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын хэрэгжилтийг шалгах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийн болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар, мэдээллийн бүртгэлийг хянах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг шалгах ажлыг зарим агентлагууд /Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Төрийн өмчийн хороо, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Газрын тосны газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар/-д явуулж байна.

Нийт 5335 албан тушаалтны мэдүүлгийг хянав

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын мэдүүлгийг хууль, журамд заасны дагуу хянан шалгах, хяналт шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авах, хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулах, хууль журам зөрчсөн асуудлаар хариуцлага тооцуулах зэргээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 5335 албан тушаалтны мэдүүлэгт хяналт тавьж, 215 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгасан.

Иргэдээс ирүүлсэн 128 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэлээ

2012 онд хүлээн авсан 143 өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шалгаснаас 128 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Зарим хянан шалгасан өргөдөл гомдлоос танилцуулахад: Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо технологийн газраас зарласан “Айл өрх, албан газар бүрийг шуудангийн хайрцгаар хангах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх компани сонгон шалгаруулах” тендертэй холбоотой хууль бус үйлдлийг шалгуулахаар ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахад хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд энэ асуудлыг эрх бүхий байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан бичгээр хандаж шалгуулсан, мөн тухайн тендертэй холбоотой захиалагчийн техникийн саналын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин үнэлүүлэхээр болсон.

Мөн Дархан-Уул аймгийн иргэдээс ирүүлсэн тус аймгийн сургуулийн захиралд холбогдох гомдлыг хянан шалгахад уг албан тушаалтан бусдаар дамжуулан нийт 900.000 төгрөгийн хээл хахуулийг авсан, мөн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн нөхрийн нэр дээрх компаниас сургуулийн үйл ажиллагаа, сургалтад ашиглагдах эд зүйлс, тоног төхөөрөмжийг худалдан авч албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Түүнчлэн шалгалтаар өөрийн болон гэр бүлийн өмчлөлийн орон сууц болон үүсгэн байгуулсан компанийн талаар хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй тул хариуцлага тооцуулахаар аймгийн Засаг даргад нь хандаад байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2000 гаруй этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянаж дүгнэлт гарган ажиллаж байна. 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2000 гаруй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2000 орчим этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.