Их, дээд сургуулийн оюутнуудын дунд шилдэг зохион бичлэгийн уралдаан зарлав /2012.11.16/

A- A A+
Их, дээд сургуулийн оюутнуудын дунд шилдэг зохион бичлэгийн уралдаан зарлав /2012.11.16/
Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан, “Мерси Кор” олон улсын байгууллага хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Миний мэдэх шударга ёс” сэдэвт шилдэг зохион бичлэгийн уралдаан зарлалаа.

Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд оюутан залуусын дуу хоолойг хүргэх, олон нийтэд авлигын эсрэг ойлголт, сэтгэлзүйг бий болгох, шударга ёсыг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан уг уралдааныг зохион байгуулж буй ажээ.

Уралдаанд оролцогч нь зохион бичлэгтээ нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх болон авлигатай тэмцэх чиглэлээр бодитой санал, санаачилга гаргасан байх, хувь хүний зөв ёс суртахууныг дээдлэх, олон нийтэд уриалах, бусдад үлгэр дуурайл болгохуйц үзэл санаа агуулсан байх, хүүхэд, залуучуудад үнэнч шударга амьдралын хэв маяг, зөв ёс суртахуунт зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн байх ёстой юм байна.

“Миний мэдэх шударга ёс” сэдэвт уралдаанд зохион бичлэгээ ирүүлсэн 8 оюутны шилдэг бүтээлийг шалгаруулж, I Pad, дижитал зургийн аппарат, интернэт модем, флаш диск зэрэг үнэ бүхий зүйлээр урамшуулахаар шагналын сангаа бүрдүүлжээ. Шагналыг арванхоёрдугаар сарын 9-нд буюу Авлигын эсрэг олон улсын өдөр гардуулна.