Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын Монголын Үндэсний олон нийтийн телевизээр хэлсэн үг

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын Монголын Үндэсний олон нийтийн телевизээр хэлсэн үг
НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр гэж тунхагласан. Энэ өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Монголын Залуучуудын холбоо, АНУ-ын Азийн сан, “Транспэрэнси интернэшнл Монгол”, “Мерси Кор” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран нийгэмд хандсан олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Эдгээр ажлуудын нэг нь улс орны хэмжээнд төрийн байгууллагуудын дунд сайн засаглалыг бэхжүүлэх, авлига, хүнд суртлаас ангид байхын төлөө амжилттай ажиллаж буй сайн туршлагыг шалгарууллаа.

Авлигатай тэмцэнэ гэдгийг дан ганц айлгах, цочирдуулах утгаар хүлээж авах нь өрөөсгөл юм. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, гэмт үйлдлийг таслан зогсоох нь зөвхөн нэг л талын ажил. Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах арга хэмжээг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон авч үзэх нь зүйтэй. Манай нийгэм тэр чигээрээ муу, хар бараан гэж дүгнэхийг хүсэхгүй байна. Төрийн албанд байгаа сайн үйл ажиллагааг улам олон болгоё, хүрээг нь тэлье гэсэн зорилгын үүднээс сайн туршлага шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

Төрийн үйлчилгээний сайн туршлагаар ихэвчлэн орон нутгийн төрийн байгууллагууд шалгарсан. Авлигаас ангид, сайн засаглалын туршлагыг шалгаруулахдаа төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог дэмждэг эсэх, олон нийтэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй хүргэж байгаа эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгосон. Иргэдэд хамгийн ойр ажилладаг нь орон нутгийн төрийн байгууллагууд юм байна гэдгийг энэ удаагийн шалгаруулалт илэрхийлж байна. Шалгарсан 9 байгууллага болон төрийн албан хаагчийн авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүхэн бусад байгууллага, албан тушаалтнуудад үлгэр жишээ болно хэмээн үзэж байна.

“Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн” буюу олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас 2012 оны авлигын хүртээмжийн индексийг гаргасан байна. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улс 94 дүгээр байранд жагссан тухай мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа баяртай байна. Сүүлийн 3 жил дараалан 120 дугаар байрт жагсч байсан манай улс ийнхүү байр ахисан нь авлигын хүрээ төдий хэрээр хумигдсаныг илтгэж байгаа юм. Энэ бол авлигатай тэмцэх үйл хэрэгт өөрийн гэсэн үүрэг оролцоотой иргэн, албан тушаалтан, төрийн байгууллага бүрийн бахархах, олзуурхах ёстой үйл явдал билээ.

Олон нийтэд авлигыг жигших сэтгэл зүйг төлөвшүүлэх, албан тушаалтнуудын ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй болгон, нийгэмд шударга ёсыг батжуулж, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэн шалгаж, бурууд хурц байх төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтран ажилладаг бүх байгууллага, хувь хүнд талархлаа илэрхийлье!

2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Авлигын эсрэг олон улсын өдөр

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 600 студи