Авлигатай тэмцэх газраас мэдээлж байна /2013.01.13/

A- A A+
Авлигатай тэмцэх газраас мэдээлж байна /2013.01.13/
Авлигатай тэмцэх газар нь 2012 онд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийг татан оролцуулах, өсвөр үе, залуучуудад шударга ёсны үзлийг зөв төлөвшүүлэх, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцүүлэн сайжруулах, үр дүнд хүргэх, байгууллага, албан хаагчийн аюулгүй байдал, дотоодын хяналт шалгалтын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, олон улсын туршлагад тулгуурлан судалгаа шинжилгээний ажлын аргачлалыг улам боловсронгуй болгох, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэж, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хэлтэс, албадын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, албан хаагчид, ажилтнуудын ажлын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” батлагдсантай холбогдуулан УИХ-д танилцуулсны дүнд Улсын Их Хурлын 2012 оны 55 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог 5 хэлтэстэй, орон тооны дээд хязгаарыг 145 байхаар шинэчлэн батлуулсан.

Авлигатай тэмцэх газар гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ, БНСУ, Малайз, Сингапур, Хонг Конг, Бутан зэрэг улс орнуудын Авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, сэргээх ажлыг хэрэгжүүлснээс гадна НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Канадын Төрийн албаны хороо, Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбоо зэрэг байгууллагуудтай харилцаа тогтоож цахим шуудангаар харилцаж, БНХАУ, Тайландын Вант Улс, Тайландын Вант Улс, Австрали улсад болсон Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хурал болон Сингапур улсын Авлигатай тэмцэх газартай харилцаа тогтоох уулзалт, Хонг Конгд зохиогдсон авлигын эсрэг симпозиумд оролцох болон Хонг Конгийн Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай хийсэн ажил хэргийн уулзалтуудад амжилттай оролцож, тодорхой асуудлаар санал солилцон хамтран ажилласан.

Эрх зүйн орчны хүрээнд:

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиуд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”, Засгийн газрын 2012 оны 133 дугаар тогтоолоор “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээг үнэлэх, хадгалах, зарцуулах журам”, 141 дүгээр тогтоолоор “Албан тушаалтан дипломат журмаар бэлэг хүлээн авах, тайлагнах, зарцуулах журам”, Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”, 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”, “Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам” зэргийг батлуулж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Сургалт сурталчилгааны хүрээнд:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг сурталчлах, ухуулан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нийт 18095 албан тушаалтанд сургалт явуулсан байна.

Мөн “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам” болон мэдүүлгийн маягтыг бөглөх талаарх сургалтыг 2012 онд давхардсан тоогоор нийт 416 байгууллагын 20435 гаруй мэдүүлэг гаргагчид хийжээ.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд:

Төрийн болон төрийн өмчит байгууллагуудтай хамтран ажиллах замаар авлигаас урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэн тухайн байгууллагын ил тод, нээлттэй, иргэдэд хандсан шуурхай, шударга байдлын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд тухайн байгууллагуудад газрын даргын захидал хүргүүлэх, тандалт, ажиглалт хийх, дүгнэх хуудсаар ажиллах, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэв. Энэ арга хэмжээний хүрээнд “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г одоогийн байдлаар 20 байгууллага, төрийн өмчит 9 аж ахуйн нэгж батлуулан ажиллаж эхлээд байна.

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг үнэлэх, тайлагнах талаар хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу төлөвлөгөөний хэрэгжилтийг 11 яам, 43 агентлаг, 21 аймаг, нийт 76 байгууллагын 2011 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг үнэлэв.
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд сайн засаглалын туршлагыг бий болгон, авлига, хүнд суртлаас ангид байхын төлөө идэвх санаачилгатай ажилласан 9 байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааг тодруулан шалгаруулсан.

Мөн өдрийг угтан Монголын Залуучуудын холбоотой хамтарч “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-ийг төрийн байгууллага, яам, агентлагаар аялуулах ажлыг зохион байгуулж, одоогийн байдлаар 15 төрийн байгууллагыг хамруулаад байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр:

1.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг 2012 оны 8 сарын 15-ны дотор явуулахад нийт мэдүүлэг гаргагчдын 99,79 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн.

Мэдүүлгийн шинэчилсэн бүрдүүлэлтээр мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон хугацаа хожимдуулж бүртгүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар 27 байгууллагын удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлснээс 22 байгууллагын нийт 61 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас халсан-4, цалинг бууруулсан-1, сануулсан-26, анхааруулсан-18, хариуцлага тооцох боломжгүй-12 байна.

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын хэрэгжилтийг шалгах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийн болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар, мэдээллийн бүртгэлийг хянах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг шалгах ажлыг зарим агентлагууд /Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Төрийн өмчийн хороо, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Газрын тосны газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар/-д явуулсан. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 1199 албан тушаалтны мэдүүлгийг хянахад нийт 809 зөрчил илрүүлсний дийлэнх нь буюу 383 нь хөрөнгийн эх үүсвэрийг хангалтгүй тайлбарласан, 188 нь мэдүүлгийг бүрэн гүйцэд гаргаагүй, 95 нь гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, 92 нь хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаагүй, 25 нь орлогоо сараар нь мэдүүлсэн зөрчил байна. Дээрх шалгалтын явцад 78 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна.

Хяналт шалгалтын чиглэлээр:

1. Хяналт шалгалтын ажлын хүрээнд 2012 онд төлөвлөгөөт хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээлэл, бусад хэлтэс албадаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийт 192 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгажээ.

2. Өргөдөл гомдол болон мэдүүлгийн хяналт шалгалтын зөрчлөөр 41 албан тушаалтанд сануулах, 45 албан тушаалтанд албан тушаалын цалинг бууруулах, 4 албан тушаалтны албан тушаалыг бууруулах, 12 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бусад арга хэмжээ 2, бүгд 104 албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулан хариуцлага тооцуулсан байна.

3. 2012 онд нийт 168 иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авснаас 161 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоос холбогдох арга хэмжээ авахуулахаар 78, харъяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн 9, гомдол гаргагч гомдлоосоо татгалзсан 8, Шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй зөрчлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн 15, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст шилжүүлсэн 2, бусад 49 гомдлыг тус тус шийдвэрлэсэн байна.

4. Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын агуулгыг зөрчлийн хэлбэрээр нь авч үзвэл иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээтэй холбоотой хүнд суртал чирэгдэл гаргадаг, албан тушаалтны ёс зүйн зөрчил гаргасан талаар 21, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан байж болзошгүй талаар 28, хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан талаар 74, албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан 45 гомдол мэдээлэл тус тус эзэлж байна.

5. Тус хэлтэс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус хэлтсээс хянаж холбогдох байгууллагад дүгнэлт гаргах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. 2012 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 3232 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 3106 этгээдийн мэдүүлгийг хянаж хүргүүлснээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоосон, анхааруулсан нийт 274, хянах боломжгүй үндэслэлээр 190 мэдүүлгийг буцаан хүргүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажлын чиглэлээр:

Гэмт хэргийн шинжтэй 357 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 73 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн, 146 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан, 124 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хуульд заасан харьяаллын 164 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 43, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 24, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 13, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 3, хээл хахууль авах 24, хээл хахууль өгөх 19, хээл хахууль зуучлах 4, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 10, бусад 64 хэрэгт тус тус мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 33 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 33 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 25 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 38 шүүгдэгчид холбогдох 12 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж 26 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 21 шүүгдэгчийг хорих ялаар, 2 шүүгдэгчийг торгох ялаар, 7 шүүгдэгчийг баривчлах ялаар, 1 шүүгдэгчийг тодорхой ажил, албан тушаал эрхлэх нэмэгдэл ялаар шийтгэж, хорих ял оногдуулсан 2 шүүгдэгчийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2 шүүгдэгчийн хорих ялыг тэнсэж, 2 шүүгчдэгчийн баривчлах ялыг тэнссэн байна.

Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 38 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 3.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан байна.