Оюутнуудын 70200 төгрөгийн тэтгэлэг олголтод шалгалт хийв /2013.02.25/

A- A A+
Оюутнуудын 70200 төгрөгийн тэтгэлэг олголтод шалгалт хийв /2013.02.25/
Авлигатай тэмцэх газарт хандан иргэдээс ирүүлсэн “Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд нь “суралцагчийн тэтгэлэг олгохдоо холбогдох дүрэм, журмыг зөрчиж, тэтгэлгийг хугацаандаа өгөхгүй чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн мөрөөр тус газраас холбогдох шалгалтыг явууллаа.

Шалгалтын хамрах хүрээг тогтохдоо нийслэлийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын нэрсийн жагсаалтад түүвэрлэлт хийх замаар сонголтыг хийж, тухайн сургуульд суралцагчдын тоог харгалзан үзлээ. Шалгалтад дараахь 20 сургууль хамрагдав. Үүнд:

Төрийн өмчит их, дээд сургуулиуд:
  1. Батлан хамгаалахын их сургууль
  2. Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургууль
  3. Хөдөө аж ахуйн их сургуулийн /8 сургууль/
  4. Удирдлагын академийн удирдлагын коллеж
  5. МУИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль
  6. МУИС-ийн Худалдааны дээд сургууль
Хувийн өмчит их, дээд сургуулиуд:
  1. Хүмүүнлэгийн их сургууль
  2. “Отгонтэнгэр” их сургууль
  3. “Улаанбаатар” дээд сургууль
  4. “Цахим” дээд сургууль
  5. “Этүгэн” дээд сургууль
  6. “Ач” анагаах ухааны дээд сургууль
  7. “Энх-Орчлон” дээд сургууль
  8. “Түшээ” дээд сургууль
  9. “Евро-Ази” дээд сургууль
  10. Хөдөлмөрийн дээд сургууль
  11. “Монгол” дээд сургууль
  12. “Шихихутаг” хууль зүйн дээд сургууль
  13. “Урлах эрдэм” дээд сургууль
  14. “Эм А Ю” коллеж
Сургалтын төрийн сангаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрийн болон төрийн өмчийн 98 их, дээд сургууль коллежийн 145375 суралцагчдад 99,7 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг олгосон бөгөөд үүнээс шалгалтад хамрагдсан 20 их, дээд сургуульд нийт 21.936.619,700 /хорин нэгэн тэрбум есөн зуун гучин зургаан сая зургаан зуун арван ес долоон зуу/ төгрөг шилжүүлжээ.

Олгогдвол зохих дээрх дүнгээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 11 сургуульд 300.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгааг сургалтын албаны ажилтан, санхүүгийн ажилтнаас тодруулахад хичээлд огт суудаггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудын тэтгэлэг гэдгээр холбон тайлбарлаж байв.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 хувь нь оюутны үндэсний тэтгэлэгтэй холбогдох хууль, дүрэм журам, тухайн улиралд тэтгэлэг авах оюутны судалгаа, холбогдох мэдээлэл зэргийг мэдээллийн самбарт байршуулаагүй байх бөгөөд холбогдох ажилтан болон оюутнаас тодруулахад тухайн үедээ үндэсний тэтгэлгийн санхүүжилт орсон тохиолдолд зар гаргадаг гэсэн хариулт өгч байлаа. Сургуулиудын тухайд дээд боловсролын санхүүжилттай холбогдох мэдээлэл ил, тод нээлттэй бус байлаа.

Шалгалтад хамрагдсан их, дээд сургуулиуд Сургалтын төрийн сангаас санхүүжилт авснаас хойш оюутны тэтгэлэг олгох суралцагчийн судалгаа гаргах, оюутны бичиг баримтын бүрдүүлэлт хийх, картжуулах, данс нээлгэх зэрэг шалтгааны улмаас эхний удаагийн тэтгэлгийг 1-3 сарын дараа, 2, 3, 4-6 дугаар сарын тэтгэлгийг 1 сарын дараа, 9-12 сарын тэтгэлгийг хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан шинээр элсэгчдийн бүртгэл судалгаа гаргах, оюутнууд сургалтын төлбөртөө тэтгэлгээ шилжүүлэх хүсэлт гаргана гэсэн хүлээлтийн улмаас 1-2 сарын дараа олгодог зэрэг нийтлэг зөрчлүүд илрэв. Түүнчлэн Сургалтын төрийн сан болон сургуулиуд суралцагчийн шилжилт, хөдөлгөөний тооцоог нийлэх явцад сургуулиуд суралцагчийн талаарх мэдээллийг бүрэн өгдөггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудыг тоог хасалгүйгээр танилцуулж санхүүжилт авдаг байна. Сургалтын төрийн сангийн тухайд суралцагчийн судалгаа, бүртгэлд тавих хяналт хангалтгүй байна.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн Авлигатай тэмцэх газраас “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлэх, “Цахим” дээд сургууль, “Урлах эрдэм” дээд сургуулийн санхүүгийн бичиг баримтыг мэргэжлийн байгууллагуудаар тусгайлан шалгуулах, төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудад аудит хийлгэх, дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах, “Цахим” дээд сургуулийн 45 суралцагчид дутуу олгосон 13 200 төгрөгийг, мөн “Урлах эрдэм” дээд сургуулийн суралцагчдад дутуу олгосон 983 400 төгрөгийг тус тус олгуулах арга хэмжээг авах, төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад үндэсний тэтгэлгийг харилцах дансаар дамжуулан олгох, суралцагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа төрлийн төлбөр /сургалтын, кредитын зөрүү г.м/-ийн суутгалд тооцохгүй байх, тэтгэлэг олголттой холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч ажиллах, түүнд хяналт тавих асуудлыг Боловсрол шинжлэх ухааны яаманд уламжлах зэрэг санал, дүгнэлт гарган ажиллаж байна.