Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймагт ажиллаад байна /2013.03.29/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймагт ажиллаад байна /2013.03.29/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон тэргүүтэй ажлын хэсэг 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд болон зарим сумдад орон нутгийн иргэд, олон нийттэй уулзаж санал хүсэлтийг нь сонсох, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, төрийн байгууллагуудын иргэдэд үйлчилгээ үзүүлэх хэсгүүдэд ажиллаж иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлах зорилгоор ажиллаж байна.

Мөн авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй харилцаа холбоо тогтоон, цаашид хамтран ажиллах, орон нутгийн шууд утсаар оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Ажлын хэсэг эдгээр аймгуудад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй болгохтой холбоотойгоор мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хууль бус хандив, төлбөр хураамж, бэлэг авахыг таслан зогсоох, төсвийн хөрөнгийн зарцуулалт, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны зөрчил дутагдлыг илрүүлж, арилгах арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд он гарсаар зүүн, говийн аймгууд болон тэдгээрийн зарим сумдад ажиллаад байгаа билээ.