“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Ширак Плипаттай уулзав /2013.04.26/

A- A A+
“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Ширак Плипаттай уулзав /2013.04.26/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Ширак Плипат нарын төлөөлөгчидтэй 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль батлагдсанаар хууль бусаар хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтууд гарч ирсэн. Мөн манай улс “Олон улсын Авлигын эсрэг академийг олон улсын байгууллагы болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан. Энэ нь цаашид ажилтан, албан хаагчдаа тус академид сургах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх өргөн боломж олгоно гэж найдаж байна. Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллага. Харин дэлхийд бусад оронд энэ төрлийн байгууллага ихэнхдээ Хууль зүйн яам, Прокурорын байгууллагынхаа дэргэд байдаг. Энэ нь гадаад харилцаагаа өргөжин хөгжүүлэхэд илүү тохиромжтой байдал бий болгодог юм билээ” гэв.

Тэрээр цааш нь “Манай улсад авлига үндсэндээ хоёр түвшинд байна. Энэ нь төрийн өндөр албан тушаалтнууд болон нийтийн албаны дунд, доод шатны албан тушаалтнуудын авлигын асуудал юм. Иймд Авлигатай тэмцэх газрын зүгээс энэ түвшинд авлигын асуудлыг хумих чиглэлээр ажиллаж байна. Авлигатай тэмцэх газарт 145 албан хаагч ажилладаг. Орон нутагт салбар нэгж байхгүй. Доод болон дунд шатны авлигын гэмт хэрэгтэй ажиллахад учрах саад бэрхшээл харьцангуй бага. Харин дээд түвшний албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй ажиллахад мэргэжлийн ур чадвар, түвшин хамаарахаар байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт, эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбогдуулан тусгайлсан мэргэжлийн санхүүгийн шинжээч, хуульч нар хэрэгтэй байна” гэлээ.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Ширак Плипат “Авлигатай тэмцэх газар хэдий богино хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч тун амжилттай ажиллаж байна. Манай байгууллагаас гаргасан Авлигын хүртээмжийн үнэлгээнд Монгол Улс өөрийн байраа урагшлуулсан. Энэ үр дүнд хүрэхэд Авлигатай тэмцэх газрын хүчин чармайлт нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Манай байгууллага бусад олон орны авлигатай тэмцэх байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг. Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай ч мөн авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд нягт уялдаа холбоотой ажиллана гэж найдаж байна. Энэ жилээс эхлээд Берлин дэх “Транспэрэнси интернэшнл”-ийн салбар Монгол Улс дахь салбарыг дэмжиж ажиллана. Тийм учраас таны тавьсан саналууд дээр анхаарч ажиллаж болох юм” гэлээ.