Олон улсын авлигын эсрэг академийн дарга Мартин Кроитнертой уулзав /2013.04.28/

A- A A+
Олон улсын авлигын эсрэг академийн дарга Мартин Кроитнертой уулзав /2013.04.28/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Олон улсын авлигын эсрэг академийн дарга Мартин Кройтнертой 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр уулзлаа. Монгол Улсын Их Хурал “Авлигын эсрэг академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталснаар манай улс тус академийн 64 дэх бүрэн эрхт гишүүн болсон юм. Олон улсын авлигын эсрэг академи нь байгуулагдсанаасаа хойш хоёр жилийн нүүрийг үзэж буй бөгөөд авлигын асуудлыг тойрсон сэдвүүдийн хүрээнд сургалтууд зохион байгуулдаг олон улсад нэр хүндтэй академи юм.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл болон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцлоо.

Мартин Кроитнер нь энэ оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд төлөөлөгчөөр оролцсон юм. Тэрээр мөн тус хурлын “Авлига болон ардчилалд учирч буй бусад аюул” сэдэвт салбар хуралдааныг даргалан явуулжээ.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Наранбаатар нар 4 дүгээр сарын 30-ний өдөр Олон улсын авлигын эсрэг академийн дарга Мартин Кроитнер болон Австри улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Кристиан Стайнертай уулзаж, Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчдыг тус акедемид сургах боломжуудын талаар тус тус санал солилцлоо.