Казак оюутнууд авлигын эсрэг мэдлэгээрээ өрсөлдөв /2013.05.31/

A- A A+
Казак оюутнууд авлигын эсрэг мэдлэгээрээ өрсөлдөв /2013.05.31/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх тусгайлсан арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Ховд их сургуулийн харьяа дээд сургууль болон Дорнод Казакстаны салбар их сургуулийн оюутнуудын дунд “Авлигын талаар хэн сайн мэдэх вэ” сэдвээр авхаалж сорьсон тэмцээн (АСТ) зохион байгуулав.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутаг дахь их, дээд сургуулийн оюутнуудыг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд хамруулжээ.



Баян-Өлгий аймаг дахь Ховд их сургуулийн оюутнууд багаа “Авлигын ангууч” гэж нэрлээд “Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтооё” хэмээн бусдыгаа уриаллаа. Харин Дорнод Казакстаны салбар их сургуулийн “Stop” баг “Пара берген ше бара бер” буюу “Авлигатай тэмц, шаард” гэсэн уриа сонгосон байв. Тэд
“Қоғамды жаулаған пара
Сананы баураған пара
Қалталыны ұнатқан пара
Халықты жылатқан пара
Бүгіннен кейін пара беру тоқтасын!



Пара алған адамның жүрегі қайта соқпасын!” хэмээн казак хэлээр мэндчилгээ дэвшүүлж, үе тэнгийнхнийгээ уриаллаа. Энэ нь
“Нийгмийг бүхлээр нь эзэмдсэн авлига
Оюун санаанд бүхлээрээ шингэсэн авлига
Мөнгөтэй хүний/баячуудын таашаадаг авлига
Жирийн иргэний нулимсыг барсан авлига
Өнөөдрөөс эхлэн авлига өгөхийг зогсоо!
Авлига авсан хүний зүрх нь дахиж бүү цохилог!” гэсэн утгатай ажээ.



Хоёр их сургуулийн оюутнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн дагуу бэлтгэсэн асуулт, хариултын тэмцээнд амжилттай оролцлоо. Тухайлбал, “Мэс засал амжилттай хийсэн эмчид талархлаа илэрхийлж мөнгө өгч болох уу” гэсэн асуултад хоёр иргэн дараах хариултыг өгчээ. Нэг нь “ойр дотны хэн нэгнийг маань аюулт өвчнөөс аварсан алтан гартай эмчид баярласнаа илэрхийлж өгөлгүй яахав” гэж хариулжээ. Харин нөгөө иргэн нь “хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж байгаа учраас мөнгө өгөх шаардлагагүй. Харин ч мөнгө өгснөөрөө ачит эмчээ асуудалд оруулна” гэж хариулсан байна. Хэнийх нь зөв бэ?” гэдэг асуултад оюутнууд “Мэс засал амжилттай хийх нь тухайн эмчийн хийх ёстой ажил. Тэр эмч ажлаа угаасаа сайн хийх ёстой. Яагаад гэвэл тангараг өргөсөн хүн. Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө хэн нэгэн этгээдээс ямар нэгэн бэлэг авах ёсгүй. Энэ бол шан харамж буюу авлигын нэг хэлбэр. Хийх ёстой ажлаа хийсний төлөө шан харамж авахыг хуулиар хориглосон. Тэр эмчийг ажлаа сайн хийсний төлөө зөвхөн төр л шагнаж урамшуулах ёстой. Тиймээс хоёр дахь хүний зөв” хэмээн хариуллаа.

Авхаалж сорих тэмцээний гэрийн даалгаварт хоёр багт “Авлигын хор хөнөөл” сэдэв оноож өгсөн бөгөөд энэ сэдвийг багууд жүжигчилсэн тоглолт хийж үзүүлэв. “Авлигын ангууч” багийн гишүүд багшийн ажилд орох гэж ирсэн хоёр хүний хахууль өгснийг нь сонгож, хахууль өгөөгүй нь Авлигатай тэмцэх газрын 1969 утсаар мэдэгдсэний дагуу шоронд орж байгаа нэгэн сургуулийн захирлын тухай үзүүлэв. Харин “STOP” багийн гишүүд ерөнхий сайд, парламентын гишүүн, аймгийн засаг дарга, сумын засаг дарга, иргэн гэсэн дарааллаар зогсоод нэгэн алимыг үзүүлэн “Энэ бол улсын төсөв” гээд дээрээсээ эхлэн өнөөх алимыг хазсаар байгаад хамгийн сүүлд иргэнд алимны маш бага хэсэг нь очиж байгаа тухай жүжигчилсэн тоглолт үзүүлсэн нь өвөрмөц байлаа. Энэ мэтээр оюутнууд авлигын эсрэг үзэл санаа, шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзлээ авхаалж сорих тэмцээний үеэр илэрхийллээ.

Т.Мөнхтунгалаг