Авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийг орон даяар хэлэлцүүлэх, боловсруулах ажлыг зохион байгуулахаар боллоо /2013.09.04/

A- A A+
Авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийг орон даяар хэлэлцүүлэх, боловсруулах ажлыг зохион байгуулахаар боллоо /2013.09.04/
Авлигын эсрэг үндэсний стратеги боловсруулах үйл явцад төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг өргөн хүрээтэй хамруулах зорилгоор Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан, Мерси Кор олон улсын байгууллагууд, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага хамтран ажиллах уулзалтыг энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт зохион байгууллаа.



Уг уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Азийн сангийн “Засаглал, ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн удирдагч Басанта Покхарел, Мерси Корр олон улсын байгууллагын “Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхитэй түншлэл ба иргэдийн оролцоо төсөл”-ийн удирдагч Д.Уран, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал нарын хүмүүс оролцлоо.



Уулзалтаар Авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийг улс орон даяар хэлэлцүүлж, төрийн байгууллага, олон нийтээс санал авах шаардлагатай байгаа талаар талууд харилцан санал солилцсоны дүнд тус ажлыг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага гүйцэтгэхээр, орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг Мерси Кор олон улсын байгууллага хариуцан, хэлэлцүүлэг зохион байгуулахад Азийн сан олон улсын байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Авлигатай тэмцэх газар дээрх байгууллагуудын төрийн байгууллагатай харилцах, хамтран ажиллахад оролцоог хангах ажлыг тус тус хариуцан ажиллахаар хамтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТЭС