Дорнод аймгийн Хөгжимт драмын театр Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Төлөөс” теле жүжгийг бүтээж байна

A- A A+
Дорнод аймгийн Хөгжимт драмын театр Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Төлөөс” теле жүжгийг бүтээж байна
Авлигатай тэмцэх газрын захиалгаар Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Төлөөс” хэмээх теле жүжгийг бүтээж байна. МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатарын “Төлөөс” зохиолоор бүтэх энэ жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнх-Амьдрал ажиллаж байна. Тэрээр “Галзуу хот”, “Аз жаргалын эрэлд”, “Өширч өрөвдөхийн учир” зэрэг жүжиг, киногоороо дорнодчуудад, мөн урлагийн ертөнцөд танил болсон нэгэн.

Авлигатай тэмцэх газар орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг түшиглэн авлигын хор аюулыг иргэд, олон нийтэд хамгийн энгийн хэлбэрээр хүргэхийг чухалчилж байна. Авлигын хор аюулыг ийнхүү урлагийн хэлээр хүргэх нь өнөө цагт тохирох бас нэгэн арга болохыг үгүйсгэхгүй.

Дорнод аймгийн Хөгжимт драмын театр нь 21 аймгийн театруудын дунд зохион байгуулсан “Сонгодог бүтээл-2012” наадамд “Нийгмийн дайсан” жүжиг болон “Сонгодог концерт”-оороо шалгарч байсныг үзэгчид санаж байгаа байх. Түүнчлэн 21 аймгийн хувьд симфони оркестртой цорын ганц театр гэдгээрээ алдартай билээ.

“Авлигын хор хөнөөл нэгэн гэр бүлийн амьдралд хэрхэн тусч байгааг хурц шийдэлтэйгээр илэрхийлж чадсан бүтээл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Төлөөс” теле жүжгийг бүтээж буй жүжигчид ярилаа.