Авлига өгсөн хүн байна уу?

A- A A+
Авлига өгсөн хүн байна уу?
Ийм асуултыг хүмүүст тавьж үзлээ. Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд хүссэн хүсээгүй хэн нэгний гарыг хүндрүүлэх шалт­гаан гардаг гэнэ. Харин авлига гээчийг өгсөн нь авсантайгаа хамт бурууддаг учир авлигыг хэнд, хэзээ өгснөө тодорхой ярих хүн тааралдсангүй. Юуны учир гар хүндрүүлсэн тухайгаа нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалжууд ийн өгүүлж байна.

Тусгай зөвшөөрөл авлигын эхлэл

-Бүх төрлийн тусгай зөвшөөрөл гэдэг чинь угаасаа авлигын эхлэлийг тавьж байдаг. Тусгай зөвшөөрлийг мэдээж тусгай журам, дүрмийн дагуу олгодог байж таарна. Тэр нь хэн хүссэн бүхний давдаг даваа биш. Тийм ч учраас өндөр шалгуур дор олгосон тусгай зөвшөөрлийг өндөр үнээр авдаг, тэр хэрээрээ өндөр үнээр борлуулдаг болсон шүү дээ. Хагас жилийн өмнө барилгын тусгай зөвшөөрөлтэй компанийг 50 сая төгрөгөөр зарж байсан. Одоо ханш нь өссөн биз. Зуу гаруй хүний гарын үсэг цуглуулж, олон сая төгрөг хүмүүсийн халаасанд хийсэн болохоор тэгж үнэлэхээс аргагүй байдаг.

Том жижиг авлига өгч байсан нь цөөнгүй

-Шаардлагатай тохиолдолд авлига өгч байсан явдал цөөнгүй.  Би жижиг цайны газар ажиллуулдаг.  Одоо бараг таван жил болох гэж байна. Энэ хугацаанд хамгийн их авлига өгсөн хүмүүс бол мэргэжлийн хяналтынхан. Ер нь  хүмүүсээс хамгийн их авлига авдаг хүмүүс мэргэжлийн хяналтын байцаагчид шүү дээ. Худлаа үнэн, жижиг сажиг зүйл дээр өөлж байгаад мөнгө салгахдаа гаршсан хүмүүс гэж би хардаг.  Цайны газар болохоор яаж ийж байгаад л өө гаргана. Тэгээд аймаар өндөр торгууль хэлнэ. Түүнийг нь өгөхгүй гэвэл, хахууль нэхнэ. Үйлчилгээний газраа хаалгахгүйн тулд өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Заримдаа хоёр, гурвуулаа ирж хооллож ундалж байгаад мөнгөө ч төлөхгүй гараад явчихдаг.  Надтай адилхан цайны газар ажиллуулдаг танилынд маань гэр бүлийнхнээ  дагуулж ирээд байнга үнэгүй хооллодог  мэргэжлийн хяналтын байцаагчдын бичлэг байгаа гэсэн.  Тэр бичлэгийг нь цацчихвал цайны газрыг нь хаачих байх гэж бодоод байдаг юм шиг байна лээ. Ямар ч байсан би мэргэжлийн хяналтын байцаагчид 400-500 мянган төгрөг хэд хэдэн удаа өгч байсан. Цүнхлээд л гараад явчихдаг юм.

Би хэзээ ч  авлига өгч байгаагүй

-Хувийн компани байгуулаад олон жил болж байна. Надад хэн нэгэнд авлига өгөх шаардлага байхгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг болохоор хэн ч намайг дарамталж чаддаггүй л дээ. Цаг тухайд нь үнэнч шударгаар татвараа төлж байна. Тайлангаа гаргаж байна.  Би хуулийг, шударга ёсыг дээдэлдэг. Надад байгаа үнэт зүйл маань энэ. Авлига өгсөн, авсан тохиолдолд шударга ёс алдагддаг. Тэгэхээр тэр шударга ёсыг алдахгүйн тулд би өөрөө шударга хөдөлмөрлөх ёстой. Шударгаар ил тод ажиллах ёстой. Монгол Улсын хуулийг дагах ёстой. Хуулийг зөрчсөн хүн  хэн нэгэнд авлига өгөх шаардлага гаргадаг байх. Хуулийн дагуу ажиллах юм бол бусдад авлига өгөх хэрэг гардаггүй юм. Би ийм л зарчмаар ажилладаг. Ажилчиддаа ч ийм шаардлага тавьдаг.

200 мянган төгрөг хамгийн бага ханш

-Авлигын хамгийн энгийн, том жишээг улсын эрүүл мэндийн үйлчилгээнээс харж болно. Өөрийгөө болоод гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг бодоод  хувийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр байдаг ч тэр болгонд мөнгө төгрөг урсах нь хэцүү. Зарим нь бол хувийн эмнэлэгт огт үзүүлэх боломжгүй. Нэг жишээ гэхэд, манай эхнэр найман сартай жирэмсэн байхдаа төрөхийн өмнөх хордлого болоод эмнэлэгт хэвтүүлэх гэж нэлээн гүйсэн юм. Өрхийн  эмнэлэг дээрээ хяналтанд байдаг, хяналтын эмч нь хэвт гэсэн байсан юм. Төрөхийн өмнөх хордлого нь хүндрээд бид дунд шатлалын эмнэлэг болох дүүргийн эмнэлэг дээр очоод ор асуусан.  Хаа, хаанаа сул ор байхгүй, долоо хоног хүлээнэ гээд, ойртуулаагүй. Тэгээд би Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү очоод “Манай эхнэр төрөхийн өмнөх хордлоготой, тэр нь  хүндэрчихээд байна” гэтэл оочер, дугаар яриад бас ойртуулсангүй. Аргаа бараад үзлэг хийж байсан тэр эмчийг хүмүүс үзэж дуусаад сулрахаар нь, арга чарга байна уу, мөнгө төгрөгийг нь боломжоор нь өгье гээд хоёр зуун мянган төгрөг өгч байж, ор гаргуулж хэвтсэн. Ер нь энэ бол нийтлэг жишээ юм шиг байна лээ. Энэ хэмжээний мөнгө ч багадаа тооцогддог юм биш үү.

Ажил олгогчид 10 хувийг нь өгдөг

-Би нэг жижигхээн үйлдвэртэй. Түүнийгээ хөл дээр босгох гэж маш олон жил хичээж байна. Уг нь бизнесийг шударгаар эрхэлж болдог бол аль хэдийнээ хөл дээрээ зогсчих байлаа. Харамсалтай нь тийм боломж хомс байна. Анх сумдад олгодог жижиг дунд бизнесийн зээлийг авах гэж эхлэхдээ л Засаг дарга болсон ангийн анддаа уг зээлийнхээ 10 хувийг өгч байсан. Түүнээс хойш үйлдвэртээ ажил олохын тулд тендерийн комисс, ажил алба хариуцсан мэргэжилтэн гээд төрд данстай албан хаагчдад мөн ч их авлига өгсөн дөө. Тэр бүх 10 хувийг нийлүүлж бодвол миний бизнес хэзээний хөл дээрээ зогсох төдийгүй бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ч хүмүүст арай л хямдаар хүрэх байсан. Даанч тэр ажил олж өгсөн хүнд олгодог 10 хувийн жишиг байхгүй бол өөр хэн нэгэн хүнд ажлаа алдчих учраас аваа өгөөг нь хийсээр л өнөөдөртэй золгож байна. За тэгээд ахуй амьдралын хүрээнд сургууль, цэцэрлэгийн багшаас эхлээд гар хардаггүй хүн ховор шүү дээ. Ялангуа хүүхдүүд аав ээжийн ажил гэхээр компанийн захирал гээд бичихийг хэлэх үү. Амьтны гарыг хүндрүүлэхээс аргагүй байна шүү дээ, энэ цаг үед.
 
Н.БАТ / Эх сурвалж: http://www.news.mn/content/161511.shtml /