Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн мөрөөр харьяа байгууллагууддаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ

A- A A+
Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн мөрөөр харьяа байгууллагууддаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас “Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албаны зарим ажилтнууд иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч тэгш боломж олгохгүй, кадастрын зураглал хийлгэх иргэдийг бүртгэж Улаанбаатар хотоос геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийг дуудаж давуу байдал олгож байгаа...” тухай иргэдээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч холбогдох шалгалтыг явууллаа.

Шалгалтаар тус албаны нэр бүхий ажилтнууд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох” гэснийг зөрчсөн байх тул буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг ногдуулж, цаашид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг нээлттэй болгох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ авах байгууллагаа өөрсдөө сонгох боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Авлигатай тэмцэх газраас зөвлөмж болгож, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт албан тоот хүргүүлсэн юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албаны нэр бүхий ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулахын зэрэгцээ харьяа хэлтэс болон дүүргүүдийн өмч, газрын харилцааны албадад дээрх зөрчлийг цаашид дахин гаргуулахгүй байх талаар анхаарч, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг дэлгэрэнгүйгээр (нэр, хаяг, байршил, холбоо барих утас г.м) самбарт байршуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сонгох боломжоор хангаж ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгон мэдэгджээ.

Ийнхүү Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу Нийслэлийн Өмч харилцааны газар нь зөвхөн зөрчил гаргасан байгууллагаар хязгаарлалгүй харьяа бусад байгууллагууддаа авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.