“Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013”-ыг шалгаруулав

A- A A+
“Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013”-ыг шалгаруулав
Авлигатай тэмцэх газраас төр, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарласан “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013” үйл ажиллагааг шалгаруулан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулан Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр шууд дамжуулан хүргэлээ.
Энэ удаагийн арга хэмжээ нь төр, иргэний нийгмийн байгууллагуудаас сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор 2013 онд авч хэрэгжүүлсэн “үйл ажиллагааг” нэр дэвшүүлэн цаашид түгээн дэлгэрүүвэл зохих сайн туршлагыг шалгаруулснаараа онцлог байв.

 

 

 

Тус арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 105 дугаар сургууль, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн яам, Ардчиллын боловсролын төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Леберал эмэгтэйчүүдийн оюуны сан зэрэг байгууллагаас хэрэгжүүлсэн 9 үйл ажиллагааг шалгаруулж “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013” өргөмжлөлийг гардуулсан байна.
 

 


Эдгээр шалгарсан 9 үйл ажиллагааг тус бүрд нь товчхон дурдвал:
  • Хөдөлмөрийн яам нь дотоодын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор чиглэсэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл, эх үүсвэрийн зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалтыг ил тод болгосон нь;
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр дүүргийн Засаг даргын дэргэдэх харьяа газар, хэлтэс, албадын 14 багийн 140 гишүүн, 600 гаруй албан хаагчдыг хамруулан “Дэвжээ” тэмцээнийг “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” сэдвийн дор зохион байгуулсан нь хууль тогтоомжийг сурталчлах шинэлэг арга хэлбэрийг сонгон хэрэгжүүлсэн нөлөөллийн үр дүнтэй арга хэмжээ болсон, мөн дүүргийн хэмжээнд ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь; 
  • Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулан “Иргэний оролцоог дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 4 ажлыг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан, 40 иргэнийг худалдан авах ажиллагааны чиглэлээр сургаж, 8 ажлын зураг боловсруулан тендер зарлаж, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг иргэдээр хэлэлцүүлэн ажлын тоо хэмжээг нарийвчлан тогтоож, техникийн тодорхойлолт гаргасан зэрэг үйл ажиллагаа нь;
  • Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 105 дугаар сургууль нь Авлигатай тэмцэх газраас хүүхэд, өсвөр үе залуучуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн түүх нийгмийн ухааны багш нарыг сургагч багшаар бэлтгэснээс хойш сурагчдад шударга ёсны чиглэлээр нөлөөлийн сургалт, сурталчилгааны материал бэлтгэн хүргэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, сурагчдад хичээл бэлтгэж хүргэхээс өмнө болон хүргэсний дараа хийсэн сургалтын үр дүнгийн харьцуулалтыг санаачлан хэрэгжүүлсэн нь; 
  • Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар “Эрүүл мэндийн үйлчилгээ хөдөө орон нутагт” мониторингийг төрийн бус байгууллагаар хийлгэж, цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулсан зэрэг нь орон нутагт төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг зохион байгуулсан нь;
  • Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар нь сумын хэмжээнд “Сайн засаглалын төлөө хамтдаа” уриалга гарган, төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг бүрдүүлэх, үр нөлөөтэй, шуурхай үйлчилгээг сумын иргэдэд хүргэх, төрийн албан хаагчдын дунд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил нь;
  • Ардчиллын боловсролын төв төрийн бус байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллагын ил тод байдал, хүртээмжийг Иргэдийн онооны картын аргачлалаар үйлчилгээ хүртэгч иргэдээр үнэлүүлж, туршилт хийсэн нь; 
  • Монголын эмэгтэйчүүдийн сан төрийн бус байгууллага нь боловсролын үйлчилгээний анхан шатны нэгж болох цэцэрлэгийн орчинд мэдээллийн ил тод байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт шинжилгээ хийж, сайжруулах талаар санал дүгнэлт боловсруулсан нь; 
  • Леберал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бус байгууллага нь Дорнод аймгийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж буй эсэхэд хөндлөнгийн хяналт хийн, оршин буй дутагдлын шалтгаан нөхцлийг тодруулах, ил тод нээлттэй болгох зорилгоор хийсэн судалгаа, аргачлал, үр дүнг тодорхойлон, дүгнэлт хийж цаашид хэрэгжүүлэх санал, санаачилга дэвшүүлсэн нь тус тус сайн туршлага болохуйц үйл ажиллагаа хэмээн тодруулж ӨРГӨМЖЛӨЛ гардуулжээ.
Сайн засаглалын төлөө хийж хэрэгжүүлсэн үйл хэрэг, идэвхи оролцоо улам бүр түгэн дэлгэрэх болтугай.