“Газар өмчлөл ба ил тод байдал” дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг болов

A- A A+
“Газар өмчлөл ба ил тод байдал” дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг болов
Авлигатай тэмцэх газар АНУ-ын Азийн сан, IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран “Газар өмчлөл ба ил тод байдал” дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус дугуй ширээний ярилцлагын үеэр IRIM судалгааны хүрээлэн хийж гүйцэтгэсэн газрын албаны тухай “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны дүнг Нийслэл, дүүргийн газрын албадын дарга, холбогдох байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, судалгааны дүнг хэлэлцүүлсэн байна.
 

“Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгаа нь АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол улсын засаглал ил тод байдлыг дэмжих” төслийн нэг хэсэг юм. Уг кейс судалгаа нь асуудлын учир шалтгаан, дотоод хүчин зүйлийг тодорхойлох чанарын судалгаа бөгөөд олон тооны кейс дээр суурилсан.

Судалгааны үндсэн зорилго нь газрын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, иргэдэд олгож буй 0.07, 0.5, 0.35 хүртэлх га газрыг өмчлөх үйл явцтай холбогдох хүндрэл бэрхшээл, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, газрын албаны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг боловсронгуй болгох санал боловсруулахад чиглэх юм.

Судалгаанд Дархан, Дундговь, Ховд, Хэнтий аймгууд болон Багануур, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд хамрагдсан.

Судалгааны хүрээнд дүүргүүд болон авлигатай тэмцэх газарт ирсэн өргөдөл, гомдол дээр тулгуурлаж 14 кейс судалгаа, сүүлийн 1-3 жилийн хугацаанд газар өмчилж авсан иргэдээс 343 асуумж, дүүргүүдийн газрын албаны дарга, мэргэжилтнүүдтэй хийсэн 40 ярилцлага, хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, судалгааны материал дээр тулгуурлан 34 баримт бичиг дээр судалгаа хийсэн.

Судалгааны тайлан дараах ерөнхий чиглэлүүдээс бүрдсэн:
  1. Ерөнхий мэдээлэл
  2. Газар өмчлөхтэй холбоотой мэдээлэл өгөх талаар
  3. Газар өмчлөхтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх талаар
  4. Бичиг баримтыг хүлээж авах шийдвэрлэх хугацаа
  5. Газар өмчлөх гэрчилгээ авах талаар 
  6. Газрын албаны үйлчилгээний сэтгэл ханамж, үйлчилгээний чанар хүртээмж
  7. Газар өмчлөхтэй холбоотой маргаан, гомдол, шүүх гэсэн чиглэлүүдтэй
  8. Судалгааны үндсэн дүгнэлт ба санал зөвлөмж.
“Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” төслийн хүрээнд судалгааны тайлан дээр үндэслэн МҮОНТ-тэй хамтран “Газар өмчлөл ба ил тод байдал” сурвалжлага нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргэсэн.