Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 700 гаруй хүний саналыг тусгажээ

A- A A+
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 700 гаруй хүний саналыг тусгажээ

Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай хамтран 2008 оноос яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн билээ.
Авлигатай тэмцэх газраас сонгон шалгаруулсан хөндлөнгийн “Шинжээчдийн баг” 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд Дундговь аймаг 76 оноогоор бусад аймаг, нийслэлийн хэмжээнд II байр эзэллээ. Түүнчлэн тус аймаг дахь эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагаар мониторинг хийлгэж, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгахад чиглэсэн ажил нь авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаар шалгарсан юм.

Тус аймаг нь өмнөх амжилтаа улам ахиулахаар авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаагаа төлөвлөхдөө иргэд, олон нийт, төрийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага зохион байгуулж, нийт 700 гаруй хүний саналыг Авлигын тэмцэх газраас боловсруулсан аргачлал, шалгуурын дагуу төлөвлөгөөндөө тусгасан байна. Ингэснээр 5 зорилт, 60 зүйл бүхий төлөвлөгөөг тус аймгийн иргэний нийгмийн сүлжээ ТББ, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөнтэй хамтран боловсруулжээ.