Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ

A- A A+
Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ

Авлигатай тэмцэх газар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтааж нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авдаг. АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.ЦЭНД-АЮУШААС энэ талаар тодрууллаа.

-Хуулиар хүлээсэн үүргийн дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудаас 2013 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ сарын 15 хүртэл авсан. Нэгтгэж дууссан уу?

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ нийтийн албанд томилогдсон, сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор, цаашид уг мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүргийг хүлээдэг. Одоо мэдүүлгийн бүрдүүлэлтийн мэдээ тайланг нэгтгэх ажил хийгдэж байна.
-Хэчнээн албан тушаалтан мэдүүлэг гаргаж өгөх ёстой вэ. Одоогийн байдлаар хэдийг аваад байна вэ?
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 1500 орчим салбар нэгж байгууллагын нийт 51000 орчим албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөх ёстой. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ шууд гаргаж өгдөг төрийн өндөр болон түүнтэй адилтгах 272 албан тушаалтан хуулийн хугацаанд бүгд мэдүүлгээ гаргаж өгөөд байна. Бусад мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувьд гуравдугаар сарын 1-ний дотор АТГ-т ирүүлэх тайлан мэдээний дүнг нэгтгэгдсэний дараа илүү тодорхой болно.

Үндэсний шуудан Г.БОЛД