Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.01.13-24/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.01.13-24/

Авлигын гэмт хэрэгтнүүд хөнгөн ял авч байна.

Индонезийн авлигатай тэмцэх ашгийн бус байгууллага болох “Indonesia Corruption Watch”-аас гаргасан тайланд дурдсанаар 2013 онд авлигын гэмт хэрэгтнүүдэд ногдуулсан ялын хэмжээ хэтэрхий бага байгаа ажээ.
Тус байгууллагын судлаачийн хэлснээр 2013 онд авлигын гэмт хэрэгт ногдуулсан хорих ялын дундаж хэмжээ 35 сар буюу 2 жил 11 сар байсан байна.
“Indonesia Corruption Watch” байгууллагаас уг судалгааг явуулахдаа ялын хугацааг 0-4 жил буюу хөнгөн, 4-10 жил буюу хүндэвтэр, 10-аас дээш жил буюу хүнд гэж ангилж үзсэн байна.
Судлаачийн хэлснээр 2013 онд ял шийтгүүлсэн 184 авлигын хэрэгт 279 хүн яллагдсан байгаагийн 232 хүн буюу 78.64 хувь нь хөнгөн ял, 40 хүн буюу 13 хувь нь хүндэвтэр, зөвхөн 7 хүн 10-аас дээш жилийн ял авсан байгаа аж.
Уг тайланд дурдсанаар эдгээр 184 хэргийн улмаас 3.46 их наяд индонез руппи (28.3 сая ам. доллар)-тэй тэнцэх хэмжээний хохирол учирсан бол нийт хээл хахуулийн хэмжээ 13.18 тэрбум индонез руппитэй тэнцэж байгаа ажээ. Харин эдгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос торгууль ногдуулах байдлаар 36.95, хөрөнгө хураах байдлаар 515.5 тэрбум руппитэй тэнцэх хэмжээний хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Эх сурвалж

Монголын “авлигын загалмайлсан эцэг” эргэн ирнэ.

Өнгөрөгч 12 дугаар сар Өмнөд Солонгосын нэгэн эмнэлгээс улс төрд эргэн ирэхээ амлаад байсан Монголын нөлөө бүхий улс төрчийн амлалт нь тус улсын гадаад хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр болон эвслийн Засгийн газарт төвөгтэй байдал үүсгэж магадгүй байна.
Авлигын гэмт хэргийн улмаас 2.5 жилийн ял аван хоригдож байсан экс ерөнхийлөгч, ерөнхий сайд Н.Энхбаярт уучлал үзүүлэн сулласны дараагаар улс төрд эргэн ирэхээ мэдэгдсэн нь монголын улс төр, эвслийн Засгийн газар дахь түүний хамсаатнуудад нөлөөлөх нь гарцаагүй юм. Шоронд эсэргүүцлээ илэрхийлэн өлсгөлөн зарлаж байсан тэрээр Өмнөд Солонгос улсад сэргээн засах эмчилгээ хийлгэсний дараагаар 2012 оны УИХ-ын сонгуулиар эвслийн засгийн газарт орж ажиллахад хангалттай хэмжээний суудал авсан, 4 жилийн настай МАХН-аа удирдахаар зэхэж байгаа юм.
“Сант Марал сан” судалгааны байгууллагын тэргүүн Л.Сумати “Н.Энхбаяр улс төрд эргэн ирэх нь гарцаагүй, улс төрөөс гарахад хэтэрхий эрт байна. 2014 он бол сонгуулийн компанит ажиллагаагаа эхлүүлэхэд хамгийн чухал мөч” гэсэн юм.
Гол дүр
Монгол Улсын ардчиллын гэх сүүлийн 20 жилийн хугацаанд тус улсын улс төр дэх хамгийн нөлөө бүхий эрхэм бол Н.Энхбаяр байсан. Тэрээр одоогийн сөрөг хүчин МАН-д байхдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан юм. Тэрээр дээрх албан тушаалуудыг хашиж байхдаа Оюу толгойн хөрөнгө оруулалтын бүхий л хэлэлцээрийг хөрөнгө оруулагч талуудтай хийх, мөн түүнчлэн Зөвлөлт холбоот улсаас авсан байсан өрийг буцаан төлөхөд ихээхэн үүрэгтэй оролцсон юм. “Cover Mongolia” зах зээл судлалын фирмийн тэргүүн Б.Мөнхдөлийн хэлснээр “Айвенхогийн мөнгөөр хуучин Зөвлөлт холбоот улсын өрийг төлсөн байж магадгүй, их өр, Айвенхо 2 ямар ч холбоогүй биш гэж маш олон хүн үздэг” гэсэн байна.
Ийм төрлийн олон хэлэлцээрт оролцсон байдал нь түүнийг “авлигын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэхэд хүргэсэн юм. Улмаар, Өргөө зочид буудал, болон нэгэн сонины хууль бус хувьчлалтай холбоотой авлигын 4 хэргээр 2012 оны зун түүнийг баривчилсан юм. Мөн түүний дүү Н.Энхтуяаг зарим хэргүүдэд холбогдуулан сэжиглэж байгаа бөгөөд Интерполоор эрэн сурвалжилсаар байгаа юм. Ахыгаа баривчлагдсаны дараагаар Сингапурт байсан Н.Энхтуяа нь алга болсон бөгөөд түүнийг мөнгө угаасан, монголын төрийн далбааг хууль бус хөлөг онгоцнуудад худалдсан хэргүүдэд буруутгаж байгаа юм.
Н.Энхбаярын намынхан болон дэмжигчид нь Монгол Улсын Төрийн ордны гадна түүнийг суллахыг шаардан хэд хэдэн удаа жагсаал хийсэн, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас шоронд хоригдох ихэнх хугацаагаа тэрээр эмнэлэгт хэвтэн өнгөрүүлсэн юм.
Хөшигний ард
Хэрэгт холбогдуулан шоронд хорьсон ч Энхбаярын хөшигний ар дахь нөлөөнд саад болж чадаагүй юм. “Сант марал сан”-гийн тэргүүн Л.Суматигийн үзэж байгаагаар “тодорхой улс төрчдөөр дамжуулан улс төрийн үйл ажиллагаагаа явуулахыг нь хэн ч болиулж чадахгүй, 2010 онд байгуулсан өөрийн намынхаа нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэхийг хичээх болно” гэжээ.
“Cover Mongolia” фирмийн Б.Мөнхдөл “Оюу толгой төслийн асуудлаарх хэлэлцээр болон бусад жижиг төслүүдэд Энхбаяр хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа” гэсэн байна.
Н.Энхбаяр эргэн ирж байгаа болон авлигын хэрэгт холбоотой төрийн бусад албан хаагчдад ногдуулсан ялыг хөнгөлж байгаа нь Монгол Улс авлигын гэмт хэргийн эсрэг шийдэмгий бус байгааг харуулж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний 4 жилийн хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт дахь бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарсан юм. “Авлигатай тэмцэх талаар Ц.Элбэгдоржийн хийсэн хамгийн том амжилт нь авлигад хүлээцтэй ханддаг байсан олон нийтийн төсөөллийг өөрчилсөн явдал” гэж Б.Мөнхдөл хэлсэн байна.

Эх сурвалж

Норвегийн “Yara”-д авлигын улмаас 48 сая долларын торгууль ногдууллаа.

Норвегийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас бордоо нийлүүлэгч “Yara” компанийг Орос, Ливи, Энэтхэг зэрэг улс оронд хээл хахууль өгч гэрээ байгуулсан хэрэгт буруутган 295 сая кронер (48 сая доллар)-ын торгууль ногдуулаад байна.
Азотын бордоо нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Yara” компани нь 2004-2009 оны хооронд нийт 70 сая гаруй кронер (12 сая доллар)-гийг дээрх гурван улсад хээл хахууль хэлбэрээр зарцуулсан болохыг тогтоосон байна.
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас уг гэмт хэрэгт компанийн тодорхой ажилтнуудыг буруутай эсэхийг тогтоохоор мөн шалгаж эхэлсэн байна.
Осло хотод байрлах “Yara” компани нь 50 улс оронд үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ тус компанид 10000 хүн ажилладаг юм. Тус компани нь 150 улс оронд бордоо болон газар тариалангийн бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Эх сурвалж

Испанийн гүнж Кристина санхүүгийн авлигын хэргээр мэдүүлэг өгнө.

Испанийн хаан Хуан Карлосийн бага охин Кристинаг санхүүгийн гэмт хэргийн асуудалд холбогдуулан 2 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд мэдүүлэг авахаар болсныг шүүх болон гүнжийн хуульчид мэдэгдлээ.
Гүнж Кристина нь Испанийн эзэн хааны цусан төрлийн гэр бүлийн гишүүдээс гэмт хэрэгт холбогдон шүүхэд мэдүүлэг өгөх гэж байгаа хамгийн анхны хүн болж байна.
Гүнжийн нөхөр, хааны хүргэн Инаки Урдангрин /Inaki Urdangarin/-ийг мөн хэргээр буруутгаж, өнгөрсөн оны 2 дугаар сард шүүхэд дуудаж байсан юм. Гэвч гүнж болон түүний нөхөр өөрсдийн хуульчдын багаараа дамжуулан ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болохоо илэрхийлээд байсан юм.
Испанийн Пальма-де-Маллорка дахь орон нутгийн шүүхэд шүүгч Жозе Кастро /Jose Castro/ уг байцаалтыг хөтлөн явуулах аж.
Спорт, аяллын үйл ажиллагаатай холбоотой орон нутгийн захиргааны байгууллагуудтай гэрээ байгуулсан Инаки Урдангриний сангийн үйл ажиллагааны асуудалд энэ мэдүүлэг төвлөрөх аж. Шүүгчид орон нутгийн захиргааны байгууллагуудтай байгуулсан дээрх гэрээний санхүүжилтээс зарим хэсгийг нь хувийн зорилгоор ашигласан эсэхийг шалгаж байгаа юм.

Эх сурвалж

Филиппин Улс Засгийн газрын шилжүүлгүүддээ бэлэн мөнгө хэрэглэхгүй.

Филиппин Улс Засгийн газрын үйл ажиллагаанд өргөн тархсан авлигатай тэмцэхийн тулд бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй аж.
Лхагва гарагт Пасай хотод болсон “Сайн засаглалын чуулга уулзалт”-д Ерөнхийлөгч Бенигно Акино /Benigno Aquino III/ хэлсэн үгэндээ засгийн газрын сангуудын хөрөнгийг хууль бусаар зарцуулахаас сэргийлэхийн тулд Бэлэн мөнгөний бус худалдаа (CPC) картын хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлж байгаагаа хэлсэн юм.
“Сүүлийн үеийн судалгаагаар, Засгийн газрын байгууллагууд бэлэн мөнгөөр төлбөр хийж байгаа нь санхүүгийн томоохон эрсдлүүдийн нэг болохыг тогтоосон. Энэ системд эрсдэл учрах нь гарцаагүй юм. Албан байгууллагад маш их хэмжээний мөнгө бэлнээр байна гэдэг нь хамгийн шударга ажилтны ч хүслийг төрүүлж болох юм” гэж Бенигно Акино хэлсэн байна.
АНУ, Испанийн колони байсан тус улсын хувьд авлига бол хамгийн том асуудал байсаар ирсэн юм. 400 орчим жилийн колонийн хугацаанд бий болгосон дээрэм, хулгайн сэтгэлгээнээс Филиппинчүүд салахын тулд төрийн маш олон байгууллага, засаглалын системд гүн гүнзгий нэвчсэн шударга бус зүйлтэй тэмцэж байгаа юм.
Бенигно Акино хэлэхдээ “санхүүгийн хяналт болон орчин үеийн арга хэрэгслүүдийг хослуулан хэрэглэснээр авлигын улмаас учирч буй бэрхшээлийг даван туулж чадна” гэсэн байна.
Тус улсын нийт гүйлгээний 98 хувь нь бэлэн мөнгөөр хийгддэг ч төрийн байгууллагын хүрээнд хийгдэж байгаа санхүүгийн гүйлгээний 54 хувь нь бэлэн бусаар хийгддэг байна.

Эх сурвалж

Тайландын авлигатай тэмцэх байгууллага Ерөнхий сайд Ийнглак Чинаватыг шалгана.

Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалуудын дараагаар Засгийн газраа шинээр байгуулахаар төлөвлөж буй Таиландын Ерөнхий сайд Йинглак Чинават /Yingluck Shinawatra/-ийн эсрэг тус улсын авлигатай тэмцэх байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Будаа тариалагчдад олгох татаасны системтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг шалгах болсон талаар Үндэсний Авлигатай тэмцэх хороо мэдэгдээд байгаа юм. Тус байгууллагын мэдэгдэж байгаагаар Ерөнхий сайдыг гэмт хэргийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгах ажээ. Харин буруутай нь тогтоогдвол ямар шийтгэл ногдуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Ерөнхий сайдаас гадна будаа тариалагчдад олгох татаасны авлигын схемд холбогдсон байж болзошгүй худалдааны сайд асан зэрэг 15 хүн байгаа талаар Үндэсний авлигатай тэмцэх хорооны хэвлэлийн төлөөлөгч Вича Махакун /Vicha Mahakun/ хэлсэн байна.
Йинглак Чинаватын Засгийн газрыг огцруулах, Засгийн газрыг “ард түмний зөвлөл”-өөс байгуулахыг зорьж буй сөрөг хүчний зүгээс будааны татаасны энэхүү схемийг ихээхэн шүүмжилдэг юм.
Ийнглак Чинаватын тэрбумтан ах, цөллөгт байгаа ерөнхий сайд асан Такшин Чинаватыг тус улсын Засгийн газар, улс төрийн үйл ажиллагаанд алсаас оролцож байна хэмээн сөрөг хүчин эсэргүүцдэг юм.
Тус улсад үүсээд байгаа Засгийн газраа эсэргүүцсэн эсэргүүцлийг намжаахын тулд Ерөнхий сайд Ийнглак Чинават 2 дугаар сарын 2-ны өдөр сонгууль явуулахаар зарлаад байсан ч сөрөг хүчин Ардчилсан намаас уг сонгуулийг Чинаватын гэр бүл улс төд эргэн эрсэн сонгууль болох байх хэмээн болгоомжилж байгаа юм.

Эх сурвалж

Конгрессоор авлигын эсрэг 6 хууль батлагдах ёстой.

Ирэх гурван сарын хугацаанд Конгрессоор авлигын эсрэг 6 хууль батлах ёстой гэж Конгрессийн дэд Ерөнхийлөгч Рахул Ганди /Rahul Gandhi/ мэдэгдлээ.
Рахул Ганди бүх Энэтхэгийн Конгрессын хорооны хуралдаанд хандаж хэлсэн үгэндээ “шударга байдлыг хамгаалах, авлигыг шийтгэхэд тус улс авлигын эсрэг хүчтэй хуулиудтай байхыг бид хүсч байна. Ирэх гурван сарын хугацаанд Конгрессоор авлигын эсрэг 6 хууль батлагдах ёстой” гэжээ.
Уг хуулиудад Худалдан авах ажиллагааны тухай хууль, Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Олон улсын байгууллага ба гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулиас урьдчилан сэргийлэх тухай хууль, Цахим үйлчилгээний тухай хууль, Бараа, үйлчилгээг хүргэх болон гомдлыг цаг тухай бүрт нь барагдуулах эрхийн тухай хууль, Шүгэл үлээгчдийг хамгаалах тухай хуулиуд орж байгаа ажээ.

Эх сурвалж

Синхуа: Авлигын гэмт хэргээр албан хаагчид цаазаар авах ял ногдуулав.

Пүрэв гарагт Хятад Улсын албан ёсны мэдээллийн агентлаг Синхуагаас Засгийн газрын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг онцлон хээл хахуульд 1 сая гаруй доллар авсан албан хаагчийг хоёр жил шоронд хорих, үүний дараагаар цаазаар авах ял ногдуулахаар болсон тухай мэдээллээ.
Жанши мужийн дээд шүүхээс иш татан, уг ял авсан албан хаагч нь Жанши мужийн Шинюу хотын Ардын хурлын байнгын хорооны дарга Жоу Цяньхуа /Zhou Jianhua/ болохыг Синхуа мэдээлсэн юм.
Жоу Цяньхуаг 10.2 сая юань (1.6 сая доллар)-тай тэмцэх хонконг болон америк доллар зэргийг хээл хахуульд авсанд буруутгасан бөгөөд дээд шүүхээс хэргийг дахин авч үзэх эсэх талаар хэлэлцэж байгаа гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Хятад Улсын дарга Ши Жинпин өнгөрөгч 3 дугаар сард албан тушаалаа авснаас хойш Коммунист нам дахь авлигатай тууштай тэмцэхээ амлаад байсан юм.
Хэдий тийм ч, албан тушаалтнуудыг хөрөнгийнхөө талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардсан жагссан “Шинэ иргэдийн хөдөлгөөн”-ний жагсагчдыг Бээжингээс эсэргүүцсэн нь тус улсын удирдлагуудын дунд авлигатай тэмцэхэд нэгдсэн байр суурьтай биш байгааг илэрхийлж байгаа юм.
Албан тушаалтнуудыг хөрөнгө болон хөрөнгийн өөрчлөлтийн талаар мэдээлэхийг шаардан жагссан “Шинэ иргэдийн хөдөлгөөн”-нийг эрс буруутгаж байгаа бөгөөд тус хөдөлгөөний тэргүүлэгч Ху Зиьюнг тэрс үзэлтэн хэмээн энэ долоо хоногт шүүхэд дуудаад байгаа юм.

Эх сурвалж