Байнгын төлөөлөгч Г.Батжаргал итгэмжлэл захидал барив

A- A A+
Байнгын төлөөлөгч Г.Батжаргал итгэмжлэл захидал барив

Австрийн Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кройтнерт 3 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэх захидал барив. Итгэмжлэх захидал барьсны дараа тэд Монгол Улс, Авлигын эсрэг олон улсын академийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх олон улсын академийн хооронд өнгөрсөн оны 8 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг Байнгын төлөөлөгч Г.Батжаргал онцлоод Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдоос илгээсэн урилгыг М.Кройтнерт гардуулав.

Академийн захирал М.Кройтнер өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцсоноо эргэн дурсаад Монгол Улс авлигатай тэмцэх, авлигаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй улс хэмээн сайшаав. Тэрээр тэргүүн комиссар Н.Ганболдын урилгыг талархан хүлээн аваад Академийн магистрын хөтөлбөрт Монголоос мэргэжилтэн хамруулах сонирхолтойг илэрхийлэв.