Баян-Өлгий аймагт “Авлигын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулав

A- A A+
Баян-Өлгий аймагт “Авлигын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулав

Төрийн албан хаагчдын авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлэх, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас “Авлигын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөнийг 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан нээж, Аймгийн Засаг дарга Х.Дармен, Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мангилик, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа М.Батболд, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Нарантуяа нар тус тус илтгэл тавилаа.

Аймгийн Засаг дарга Х.Дармен “Авлигаас ангид байх талаар төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвээр тавьсан илтгэлдээ Авлигатай тэмцэх газраас тооцон гаргасан авлигын индексийн 2013 оны судалгааны үзүүлэлтүүдэд түшиглэн мэдээлэл хийв. Тус аймгийн хувьд нутгийн захиргааны байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад ашиг сонирхлын зөрчил их тархсан, төсөв санхүүгийн үйл ажиллагаа болон удирдлагын шийдвэр нь нээлттэй бус гэхчлэн авлигад өртөх өндөр эрсдэл бүхий аймгийн тоонд жагссан байна. Иймд аймгийн Засаг дарга Х.Дармен, шинжээчдийн өгсөн дээрх үнэлгээнд аймгийн төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид дор бүрнээ дүгнэлт хийж, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.

Нэгдсэн зөвлөгөөнд иргэд оролцсон бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр санал бодлоо хэлэв. “Авлигын эсрэг хамтдаа” аймгийн нэгдсэн зөвлөгөөнөөс Зөвлөмж гаргаж, зөвлөлгөөнд оролцогчид авлигын эсрэг хүсэл зоригоо илэрхийлэн амлалт өгч, гарын үсэг зурж баталгаажуулав.