Авлигатай тэмцэх газар мэдээлэл хийлээ

A- A A+
Авлигатай тэмцэх газар мэдээлэл хийлээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комисар Л.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Тамгын хэлтсийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан, комиссар Д.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Уг хурлаар танилцуулсан мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.


 

I. ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (ХАСХОМ)-ИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:

АТГ-аас ХАСХОМ-ийн хяналт шалгалтын ажлын хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр 2014 оны эхний хагас жилд 269 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахаас 239 мэдүүлгийг шалгасан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 28,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнээс төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 71%-ийг (177 мэдүүлгийг), иргэний гомдол, мэдээллээр 16,5%-ийг (41 мэдүүлгийг), тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн хүсэлтээр 12,5%-ийг (31 мэдүүлгийг) тус тус шалгасан байна.

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 174 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна
Иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас 2014 оны эхний хагас жилд албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 174 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 134-ийг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

АТГ-т ирүүлсэн эдгээр өргөдөл, гомдол, мэдээллийн 48-51 хувийг орон нутаг дахь байгууллага, албан тушаалтнуудад холбогдуулан гаргасан байгаа учраас тус газрын ажлын хэсэг орон нутагт албан томилолтоор ажиллан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг түргэн, шуурхай арилгахад анхаарч ажиллаж байна.
Хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн талаар ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгаар ангилвал:

  • Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн талаар 23% буюу 41
  • Албан тушаалын байдлаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал олгосон талаар 22% буюу 38;
  • Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд хуулиар хориглосон, хязгаарласныг зөрчсөн талаар 29% буюу 51;
  • Ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр, хууль бус үйлдэл гаргасан талаар 18% буюу 31;
  • Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг шалгуулах талаар 6% буюу 10;
  • Бусад асуудлаар 2% буюу 3 байна.

5342 урьдчилсан мэдүүлэг хянажээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хуулийн дагуу хянадаг. Энэ оны эхний хагас жилд нийт 5545 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 5342 мэдүүлгийг хянаж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна. Эдгээр хянасан урьдчилсан мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан 855, хянах боломжгүй үндэслэлээр 320 мэдүүлгийг тус тус буцаан хүргүүлсэн.
Түүнчлэн албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулахгүйгээр хууль зөрчин томилсон 125 тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулж, 104 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад тус тус хүргүүлсэн байна.

ХАСХОМ-ийн бүрдүүлэлт, түүнд тавих хяналт шалгалтын болон ашиг сонирхлын зөрчлийн хүрээнд 82 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна
2014 оны эхний хагас жилд мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт болон бусад хяналт шалгалтын чиглэлээр нийт 82 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 14-аар өссөн байна. Үүнд:

ХАСХОМ-ийн бүрдүүлэлт, түүнд тавих хяналт шалгалтын чиглэлээр ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллав
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2013 он, 2014 оны эхний хагас жилийн байдлаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлсэн байдал, түүнчлэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэх, тэдгээрийн шийдвэрлэлт, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, түүнийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажлын хэсэг 2014 оны 6 дугаар сард ажиллав. Ажлын хэсэг энэ чиглэлээр 960 нийтийн албан тушаалтан, 278 мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан 6 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Дээрх аймгуудад нийтийн албан тушаалтнаас албан үүргээ хэрэгжүүлэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх тухай бичгээр мэдэгддэл, тайлбар гаргадаггүй дутагдал түгээмэл байсан бөгөөд Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудад томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Түүнчлэн мэдүүлгийн хяналтын явцад мэдүүлэг гаргагч албан тушаалтан томилогдсоноос хойш 30 хоногийн дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ гаргадаггүй, мөн хөрөнгө орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар хуулийн хугацаанд нь мэдүүлдэггүй зөрчлүүд түгээмэл байна.
Цаашид Авлигатай тэмцэх газраас дээр дурдсан зөрчил, дутагдлыг арилгах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын удирдлагуудад шаардлага тавьж, хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

 

II. МӨРДӨН ШАЛГАХ ЧИГЛЭЛЭЭР:
Гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2014 оны эхний хагас жилд нийт 377 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 31.2 хувиар өссөн.
Шийдвэрлэлтийг авч үзвэл 52 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 159 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан, 53 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд 37 гомдол, мэдээлэл одоо шалгагдаж байна.
Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь ангилвал нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 65 /үүнээс 26 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 39 нь ЗДТГ-ын үйл ажиллагаанд/, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 62 /үүнээс 27 нь цагдаа, 6 нь прокурор, 7 нь шүүх, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 11 нь мэргэжлийн хяналтын байгууллагад/, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 43 /үүнээс 23 нь боловсрол, 11 нь эмнэлэг, 9 нь улсын бүртгэлийн албанд/, газар, ашигт малтмалын салбарт хамаарах 14, яамдын үйл ажиллагаатай холбоотой 20, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах 18, бусад 81 гомдол, мэдээлэл шалгагдсан байна.

Эрүүгийн 162 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 365 үйлдэлтэй, 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өссөн байна.
Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал 56 буюу 34.6 хувь нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 16 буюу 9.9 хувь нь төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 10 буюу 6.2 хувь нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 4 буюу 2.5 хувь нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 26 буюу 16 хувь нь хээл хахууль авах, 9 буюу 5.5 хувь нь хээл хахууль өгөх, 5 буюу 3.1 хувь нь хээл хахуульд зуучлах, 8 буюу 4.9 хувь нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бусад хэрэг 28 буюу 17.3 хувийг тус тус эзэлж байна.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 44 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.6 хувиар өссөн, 21 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар буурсан, 16 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.5 хувиар буурч, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 8 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 67 эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байна. Яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргээс 40 хүнд холбогдох 8 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн.
Эрүүгийн хэрэгт нийт 426 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 207-оор буюу 94.5 хувиар өссөн байх бөгөөд хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл 4.9 хувь нь төрийн улс төрийн, 9.8 хувь нь төрийн захиргааны, 4.7 хувь нь төрийн тусгай, 6.8 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.
2014 оны эхний хагас жилийн байдлаар 17 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, одоо 2 хүн цагдан хоригдон шалгагдаж байна.

Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна

Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.707.222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

III.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:

Олон улсын шинжээчдээс Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд үнэлгээ, зөвлөмж өгсөн тайланг нийтэд хүргэх, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн орнуудын Авлигын эсрэг сүлжээний хяналт шинжилгээ, үнэлгээний 13 дахь удаагийн ээлжит уулзалт, Хууль сахиулах байгууллагуудын сүлжээний 4 дэх уулзалт, Авлигын эсрэг сүлжээний Удирдах зөвлөлийн 16 дахь уулзалтын хүрээнд манай улсын Авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд судлагаа хийж үнэлгээ өгсөн бөгөөд уг тайланд авлигын эсрэг эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар болон арга зүйн ач холбогдолтой зөвлөмжүүдийг тусгасан байна. Тус тайланг Монгол хэл рүү орчуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны ажлууд хийгдэж байна.


Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарах шаардлагатай байна.

Төрийн байгууллагуудын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-аас хийсэн үнэлгээний үр дүнг харгалзан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, холбогдох хяналт шалгалтыг явуулах, Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор 2014 оны эхний хагас жилд Төв, Сэлэнгэ, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд, тэдгээрийн 91 сумдад тус тус хүрч ажиллалаа.
Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа сумдын түвшинд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, төсвийн хөрөнгөд үрэлгэн хандах, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахгүй байх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс хууль бус хандив, тусламж авах, мэдээллийн ил тод байдал хангалтгүй байх зэрэг зөрчил дутагдал нийтлэг байна. Иймд эдгээр зөрчил дутагдлыг засч залруулах, орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.


Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан таниулах сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгдсөн болон тухайн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн үндсэн дээр Улаанбаатар хотод нийт 81 байгууллага, 3620 төрийн албан хаагч, иргэдийг; түүнчлэн Төв, Сэлэнгэ, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 5 аймагт томилолтоор ажиллан нийт 91 сумын 7524 төрийн албан хаагч, иргэдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сурталчилан таниулах сургалтад хармуулсан байна.
Түүнчлэн Нутгийн удирдлагын холбоотой хамтран 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 151 хорооны 951 ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажилтнуудад “Авлигын эсрэг хууль тогтоомж”-ийн талаар мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулав.

Олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор телевизийн болон радиогийн нэвтрүүлэг, гарын авлага бэлтгэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиотай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор радиогийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, хуваарийн дагуу нэвтрүүлж байна.
Мөн, авлигын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулан таниулах зорилгоор авлигын бодит гэмт хэрэг дээр сэдэвлэсэн “Төр түмэн нүдтэй” телевизийн баримтат цуврал нийтлэл нэвтрүүлгийг бэлтгэн түгээхээр ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар улиралд “Буруу урсгал”, “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэсэн эхний 2 цувралыг Азийн сангийн санхүүжилтээр бэлтгэн нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Түүнчлэн “Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил, Ард олны ашиг өндөр тэнгэртэй адил” нэртэй иргэдэд зориулсан гарын авлага, “Авлигын эсрэг хууль тогтоомж: Нийтийн албан тушаалтанд зориулсан гарын авлага” зэргийг тус тус хэвлүүлэн төрийн төв болон орон нутгийн байгууллагууд, иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулжээ.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2014.07.04