Б.Бат-Отгон: Бодлогын төвшний авлигаас урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна

A- A A+
Б.Бат-Отгон: Бодлогын төвшний авлигаас урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна

-Бодлогын төвшний авлига гэж ярих боллоо. Танай байгууллага энэ сэдвээр салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа гэж сонссон. Хэлэлцүүлгийн үр дүн юу байх вэ?

-Манайхаас “Эмэгтэй удирдагч сан”-тай хамтраад “Дээд төвшний авлига” гэсэн хэлэлцүүлгийг салбар бүрийн төлөөлөлтэй хийж эхэлсэн. Бид эхний хэлэлцүүлгээс дээд төвшний авлига гэхээсээ илүү бодлогын авлига гэж нэрлэвэл зохистой гэж үзсэн. Үүний хүрээнд иргэддээ бодлогын төвшний авлигын талаар ойлголт өгөхийг хичээж байна. Дээд төвшний авлига гэхээр иргэд зөвхөн өндөр алба хашиж байгаа хүмүүсийн авлигын хэрэг гэж ойлгоод байдаг. Судалгаа хийж үзэхэд ч иргэдийн олонхи нь ингэж үзсэн байна. Бодлогын төвшний авлигыг олон улсад юу гэж ярьдаг вэ гэхээр янз бүрийн өнцөг, хамрах хүрээгээр нь мөн гаргаж байгаа шийдвэртэй нь холбож тодорхойлдог. Энэ нь цөөн хүмүүст зориулж журам гаргах эсвэл хууль боловсруулж гаргах зэрэг хүний эрх мэдэлтэй холбоотой авлигын асуудлыг бодлогын төвшинд авч үзэх хэлбэр юм. Бид судлаач, сэтгүүлчид, хөдөлмөр эрхлэгчид, бизнесмэнүүд зэрэг салбар, салбарынхантай энэ сэдвээр хэлэлцүүлэг хийсэн. Ирэх аравдугаар сард улсын хэмжээнд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулна. Тэр үеэр бодлогын төвшний авлигаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг заавар зөвлөмж, шаардлагатай бол хууль, журам боловсруулна. Ямар ч байсан бодлогын төвшний авлигыг нотлоход ихээхэн төвөгтэй байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал юм.

-Бодлогын төвшний авлига гэхээр УИХ, Засгийн газрын гишүүдийн халдашгүй дархан эрхтэй холбогдож таарна. Олон улсын хувьд албан тушаалтны халдашгүй дархан эрхийг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг бол?

 -УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэж байдаг. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тавьсан шаардлагаар гишүүн улс орнууд авлигын хэргийг мөрдөн шалгах түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдашгүй байдлыг тэнцвэртэй хэрэглэх үүрэг хүлээсэн байдаг. Манайх авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон орны хувьд дотоодын хууль тогтоомжийг конвенцийн шаардлагад нь нийцүүлэх ёстой. “Халдашгүй дархан байдлын хүрээнд байдаг хүмүүс гэмт хэргээс зайлсхийх энэ хүмүүсийг гэмт хэргээс хаацайлах тэр нөхцөлийг бүрдүүлээгүй байх ёстой” гэсэн зарчим уг конвенцийн хүрээнд үйлчлэх ёстой. Гэтэл манай улсын хууль эрх зүйн орчинд энэхүү халдашгүй дархан байдлыг ихээхэн өргөн хүрээгээр авч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын тухай хуулинд “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Манайхаас авлигын эсрэг НҮБ- ын конвенцийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн гадаад, дотоодын шинжээчид саяхан тайлангаа тавьсан. Тэдний үнэлгээгээр “манайхан халдашгүй дархан байдал гэдгийг маш өргөн хүрээгээр хэрэглэж байна. Энэ бол буруу юм. Хоёрдугаарт энэ нь авлига, гэмт хэргээс зайлсхийхийн тулд УИХ-ын гишүүн болж халдашгүй дархан байдал гэдэг хамгаалалт руу орохын тулд сонгуульд амь тавин өрсөлддөг байдлыг бий болгож болзошгүй. Иймд халдашгүй дархан байдал гэдэг асуудлыг эргэн харах шаардлагатай” гэсэн дүгнэлтүүд гарсан. Бусад улс оронд гишүүний дархан эрх нь зөвхөн УИХ-ын чуулганы үед л үйлчилдэг. Зарим улс оронд чуулган эхлэхээс 40 хоногийн өмнө, болон хойно үйлчилдэг байх жишээтэй. Эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон болон улс эх орноосоо урвасан асуудалд дархан эрх үйлчлэхгүй зэрэг ийм зохицуулалт байдаг. Манай хувьд сонгуульт хугацааны турш халдашгүй дархан байдал үйлчилдэг.

 -Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн үг үү?

-Судлаачид энэ асуудлаар Үндсэн хууль болон авлигын эсрэг конвенцид манай дотоодын хууль хэрхэн зохицож байгаа талаар судалгаа хийсэн байдаг. Тэдний хийсэн дүгнэлт ч гэсэн манайд халдашгүй дархан байдал өргөн цар хүрээгээр хэрэгжиж байна гэдгийг харуулсан. Олон улсын шинжээчдийн судалгаанаас ч халдашгүй дархан байдал Монголд маш өргөн хүрээгээр хэрэгжиж байна. Энэ нь эргээд албан тушаалын төлөө улайран зүтгэх, тэдэнтэй холбоотой хэргийг шалгахад хүндрэл учруулж байна гэж дүгнэсэн.

 -АТГ-т өнөөдөр халдашгүй дархан байдал гэдэг шалтгаанаас болоод шалгахад хүндрэлтэй хэрэг олон байдаг уу?

-Манайхаас 2007 оноос хойш гаргасан судалгаагаар 2014 он хүртэл зөвхөн УИХ-ын гишүүн ч биш, аймгийн Засаг дарга зэрэг нийт 30 гаруй өндөр албан тушаалтан байна. Бид 2013 оны сүүлээр УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүд яагаад хэрэгсэхгүй болсон, түдгэлзүүлсэн, прокурорт шилжүүлсэн хэргийн талаар мэдээлсэн. Үүний цаана нөгөө халдашгүй дархан байдлаас болоод түдгэлзсэн хэргүүд ч байгаа.

-”Сонгууль бодлогын төвшний авлига бий болоход их нөлөөлж байна” гэдэг. Энэ хэр бодит зүйл вэ?

-Ер нь Улс төрийн намын санхүүжилтын тухай, Сонгуулийн тухай хуулиуд улс төрийн авлига буюу дээд төвшний авлигаас тусдаа авлигын нэг хэлбэр гэж явдаг. Улс төрийн авлигыг өдөөдөг гол асуудлууд бол сонгууль болон улс төрийн намын санхүүжилттай холбоотой асуудал байдаг. Иймд энэ хуулийн зүйл заалтыг эргэж харж өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Хувь хүний болоод энэ чиглэлээр судалгаа хийдэг хүний хувьд хэлэхэд манай улсын хувьд авлигын гол шалтгаан нөхцөл нь улс төрийн сонгууль, улс төрийн намын санхүүжилтын асуудал гэж боддог. Сонгуульд санхүүжилт хийгээд эргээд албан тушаалаар наймаалцах байдал бий болдог. Энгийнээр ойлгоход ч гэсэн их мөнгө зарчихсан хүн чинь улс төрийн болон албан тушаалын хувьд ашиггүй наймаа хийнэ гэж байхгүй л байх л даа.

-Орон нутгийн хөгжлийн сан шаардлагатай хүмүүстээ төсөв хуваарилахгүй цөөхөн албан тушаалтанд ногдож байгаа талаар шүүмжилдэг. Үүнд танайхаас шалгалт хийдэг үү?

-Орон нутагт сум хөгжүүлэхтэй холбоотой зээл нөгөө нь “Орон нутгийг хөгжүүлэх сан” гэж байгаа. Төсвийн шинэ хууль гарсантай холбоотой хэрэгжээд явж байгаа ажлууд шүү дээ. Бүх сумдын хүрээнд төсвийн эрх мэдлийг нь шилжүүлсэн асуудал. Энэ нь орон нутгийн иргэдэд төсвийг хүргэх, орон нутгийн хөгжлийг дэмжих гэсэн зорилго байгаа боловч нөгөө талд нь ямарч хяналтын тогтолцоо байхгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлээд эхэлчихсэнтэй холбоотой. Аль ч аймгийн төрийн сангийн мэргэжилтнүүдтэй очоод уулзахад бүх сумдад хүрч ажиллаад, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөөд, төсөв мөнгө нь яг зөв зүйлдээ зарцуулагдаж байна уу, хэн хэнд хүрсэн талаар судлаад явсан ажил байдаггүй. “Орон тоо, төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс сумдад ажиллаж чадахгүй байна” гэсэн тайлбар хэлдэг. Иймд орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид, шийдвэр гаргаж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчид аль аль нь хуулийг амьдрал дээр хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар мэдлэггүйгээсээ мөн зөрчил дутагдал ихээхэн гаргаж байна.

 -Бодлогын төвшний авлига нь жирийн иргэнд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн судалгаа гарсан байсан. Яг яаж нөлөөлж байна вэ?

-Бодлогын төвшинд авлигын санаа сэдэл нь тусч цаашаа хэрэгжээд явах юм бол иргэдэд тусах хор хөнөөл нь үнэхээр их гарна. Иргэд юу гэж ойлгоод байна гэхээр томчууд дээгүүрээ мөнгө төгрөгөө өгч авалцаад байна. Өөрт нь хамаагүй гэж бодож байгаань өрөөсгөл юм. Жишээлбэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимд бид бизнес эрхлэгчидтэй авлигын хор хөнөөлийн талаар уулзалт зохион байгуулсан. Тэр үед нэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ярьж байсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гаалийн хөнгөлөлт эдлэх журмын дагуу Сангийн яаманд хүсэлт тавьсан байгаа юм. Гэтэл яам “энэ арга хэмжээнд нэлээд их хэмжээний мөнгө зарчихсан. Тэгэхээр бид цаашид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үргэлжлүүлж хөнгөлөлт олгох эсэхийг харж үзэж байж шийднэ” гэж хэлсэн байна. Тэгэхээр үйлдвэрлэл эрхлэгчид нэгдээд хэчнээн үйлдвэрлэл эрхлэгчид тухайн хөнгөлөлтийг авсан байна гэдгийг судалж үзэхэд ердөө хоёрхон том үйлдвэр л тэр хөнгөлөлтийг авч байсан байгаа юм. Энэ байдлаас харахад зөвхөн тэр хоёр үйлдвэрт зориулсан хөнгөлөлтийн журам байсан юм уу гэж бодоход хүргэнэ. Үүний цаана бусад үйлдвэрлэл эрхлэгчид хохироод хоцорч байна шүү дээ. Тэгэхээр бодлогын төвшний авлига гэдэг чинь маш их хор хөнөөлтэй асуудал. Хамгийн гол нь энэ өөрөө нотлоход маш их хэцүү байдаг. Тэгэхээр аливаа хууль гаргахаасаа өмнө мэргэжлийн байгууллагуудын саналыг маш сайн авдаг, хууль гарсанаар бий болох давуу тал, гарч болзошгүй сул тал, эрсдэл гэх мэт маш нарийн судалгааг хийх нь цөөн хүний ашиг сонирхолд нийцсэн хууль дүрэм, журам гарахаас урьдчилан сэргийлэх нэг арга юм болов уу гэж эдгээр хэлэлцүүлгүүдийн дунд энэ санаагаа ярианы сэдэв болгон тавьж хэлэлцүүлж байгаа.

 -Хуулийн төсөл хэлэлцүүлэхэд иргэдийн санал орохгүй байна гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл, хууль баталсан хүмүүсийн эрх ашигт нийцсэн хууль гарч байгаагаас бодлогын төвшний авлига бий болж байна гэж ойлгож болох уу?

-Бидний дараагийн хэлэлцүүлэг хууль боловсруулагчидтай болно. Хууль зүйн яам болон хууль боловсруулагч хүмүүстэй уулзана. Энэ уулзалтаар нэлээд асуудал тодорхой болох байх. Сайт дээр хуулийн төсөл байршуулж хэлэлцүүлгийн дүн болон холбогдох байгууллагуудын саналууд байхад судалгаа тооцооны асуудал дандаа орхигдсон байх жишээтэй. Үнэхээр энэ хуулийн сайн, муу тал нь юу байх вэ гэдгийг ажлын хэсэг дутуу боловсруулснаас болоод эргээд авлига цөөн хүний ашиг сонирхолд нийцсэн судалгаа гаргах нөхцөл бүрдээд байгаа юм биш байгаа гэж харагддаг. Үнэхээр ийм тохиолдолд олон хүний судалгаа авахгүй бушуухан хэлэлцүүлээд батлуулахаа бодно. Тэгэхээр хуулийн төсөл хэлэлцэхэд судалгаа хаана байна гэдгийг шалгах шат дамжлага сайн ажиллах ёстой. Өнөөдөр бол энэ байдал хангалтгүй байгаагаас хуулийн цоорхойг ашиглаж авлига бий болох хандлага харагдаж байна.

Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин