НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэв

A- A A+
НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэв

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн II, V бүлгийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг үнэлэх зөвлөх үйлчилгээний тайлан буюу уг Конвенцид дотоодын хууль тогтоомж хэрхэн нийцэж буй талаарх үнэлгээний тайланг Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр судлаачид “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн II бүлэг (урьдчилан сэргийлэх арга хэмжээ)-ийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг судалсан нь”, “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн V бүлэг (хөрөнгө буцаан олгох)-ийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг судалсан нь”, “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид дотоодын хууль тогтоомж хэрхэн нийцэж байгаа нь” зэрэг сэдвээр илтгэлээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Зүүн Европ, төв Азийн авлигын эсрэг сүлжээ”-нээс гаргасан “Авлигатай тэмцэх Станбулын төлөвлөгөөний хэрэгжилтийн Монгол Улсын үнэлгээний тайлан”-г танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв. 

Хэлэлцүүлэгт оролцогчид Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид дотоодын хууль тогтоомж хэрхэн нийцэж буй талаарх үнэлгээний тайланд үндэслэн, судалгааны багаас дэвшүүлсэн зөвлөмжийн талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо. 

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид Монгол Улс нэгдэн орсноор 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсан билээ.