Хангайн бүсийн сургалтыг зохион байгуулав

A- A A+
Хангайн бүсийн сургалтыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан хангайн бүсийн сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа. 

Бүсчилсэн сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нийт 82 сумын ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 194 албан тушаалтан оролцов. Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар арга зүйн зөвлөгөө өглөө. 

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн 2014 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Б.Туяацэцэг /Өвөрхангай/, Д.Чулуунцэцэг /Хөвсгөл/, Д.Дандар /Баянхонгор/, Л.Ламсүрэн /Архангай/ нарын эрх бүхий албан тушаалтныг Авлигатай тэмцэх газраас шагнаж урамшуулав. 

Тус газраас 2014 онд багтаан бүсчилсэн сургалтыг Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий нийт 1200 орчим албан тушаалтныг хамруулахаар төлөвлөж байна.