“Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

A- A A+
“Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, Эмэгтэй удирдагч сан, АНУ-ын Азийн сан хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулав. 

Хуралд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони Линдберг, мөн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй саад бэрхшээлийг хөндөн хэлэлцлээ. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар “Авлигатай тэмцэх замаар үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдвээр тавьсан илтгэлдээ Шилэн дансны тухай хууль авлигатай тэмцэхэд ихээхэн үр дүн өгнө гэдэгт найдаж буйгаа онцолж, улс төрийн намуудын сонгуульд зарцуулж буй хөрөнгийн зардалд хийсэн судалгааны дүнг танилцуулав. 2012 онд намууд УИХ-ын сонгуульд зарцуулсан хөрөнгийн хэмжээ өмнөх 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгоны хийсэн мэдээллээр Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 2012, 2013 онд эрүүгийн 351 хэрэг шалгасан бөгөөд давхардсан тоогоор 693 хүн хэрэгт холбогджээ. Эдгээрээс 372 нь төрийн захиргаа, үйлчилгээний тусгай албан тушаалтан байсан аж. Мөн Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлсэн бөгөөд 9,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Энэ нь 2010, 2011 онтой харьцуулахад 9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Хурлын үеэр тус байгууллагаас Авлигын эсрэг хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг үндэсний стратегид хурлаас гарсан зөвлөмжүүдийг тусгах зэрэг санал гаргалаа. Хуралд оролцогчид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд авлигатай холбоотой эрсдэлд үнэлгээ хийх, авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн хөтөлбөр боловсруулах зэрэг олон чухал санал дэвшүүлэв.