Монгол Улс, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтын ажиллагааны талаар санал солилцов

A- A A+
Монгол Улс, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтын ажиллагааны талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри Улсын Вена хотын Венийн олон улсын төвд хийсэн айлчлалын үеэр түүнд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Юрий Федотов бараалхсан тухай тус албаны цахим хуудсанд мэдээлжээ. 

Уулзалтын үеэр Юрий Федотов НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай Монгол Улсын хэрэгжүүлж байгаа нягт хамтын ажиллагааны талаар танилцуулж санал солилцлоо.Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын эсрэг улс төрийн хатуу байр суурь, Монгол Улсын Засгийн газрын зүгээс НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны дэргэдэх Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох (СтАР) санаачилгын ажилд үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. 

СтАР санаачилга нь авлигын гаралтай хөрөнгийг илрүүлэх, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хулгайн замаар гарсан хөрөнгийг буцаан авахад хөгжиж буй орнууд, санхүүгийн төвүүдэд туслалцаа үзүүлэн ажилладаг. Мөн Ю.Федотов үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисны наймаа, терроризмтэй хийх тэмцэлд үзүүлж буй дэмжлэгт талархаж явдгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илэрхийлэв.