Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий 1175 албан тушаалтанд зориулсан сургалт өндөрлөв

A- A A+
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий 1175 албан тушаалтанд зориулсан сургалт өндөрлөв

Авлигатай тэмцэх газар мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах арга зүй эзэмшүүлэх сургалтыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн 38 байгууллага, тэдгээрийн салбар, нэгжийн 293 эрх бүхий албан тушаалтныг хамруулан зохион байгууллаа. 

Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох журмыг таниулах, сурталчлах болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар заавар зөвлөгөө, арга зүйн зөвлөмжийг өгөхийн зэрэгцээ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов. Мөн эрх бүхий албан тушаалтнуудад мэдүүлгийг бүртгэх, хадгалах чиг үүргээс гадна хянан шалгах чиглэлээр цаашид түлхүү ажиллах талаар холбогдох мэдээллийг өглөө. 

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, 2014 оны ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Б.Доржсугар, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Ч.Бямбасүрэн, Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Б.Дашцэнд, “ДЦС”-3 ТӨХК-ийн П.Наранзул, Зэвсэгт хүчний жанжин штабын Б.Цолмонсүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас баярын бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав. 

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан бүсчилсэн сургалтыг Дэлхийн банкны санхүүжилтээр зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтад аймаг, нийслэл, сум, дүүрэг, яам, агентлаг болон тэдгээрийн салбар, нэгж дэх мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах нийт 1175 эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан юм.