Б.Бат-Отгон: ТҮЦ машинаар үйлчлүүлсний төлбөрийг хувийн хоёр компанид төвлөрүүлж байсныг таслан зогсоосон

A- A A+
Б.Бат-Отгон: ТҮЦ машинаар үйлчлүүлсний төлбөрийг хувийн хоёр компанид төвлөрүүлж байсныг таслан зогсоосон

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгонтой ярилцав. 

-Маргааш НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдөр тохионо. 2014 он ч шувтарч байна. Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрч буй онд ямар арга хэмжээ авав? 

-Энэ онд төрийн бүх байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлдэг болсон төдийгүй үйл ажиллагаагаа ил тод нээлтэй болгоход багагүй хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулах болсон. Төрийн байгууллага хоорондын өрсөлдөх чадвар ч нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ нь хэрхэн үр дүнтэй байсан, хэрэглэгчид хэрхэн хүлээн авч байсанд дүгнэлт хийлгэж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаарх ойлголт, үнэлэмж, хүлээлтийг тодруулахад чиглэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, “Мэдээлэл, харилцааны стратеги төлөвлөгөө”-тэй боллоо. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн хийсэн ажилд өөрсдөө биш, хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт хийлгэж, цаашид явуулах ажлаа бидний үйл ажиллагааг хүртэгч, зорилтот бүлгийн хүлээлтэд тохирсон хэлбэрээр явуулах боллоо. Олон нийтэд хүрсэн, тэдний идэвхтэй оролцоо, дэмжлэгтэй, хүлээлт бий болгосон үр дүн бүхий аян, кампанит ажлыг уламжлал болгон хадгалж, үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Шударга ёсны төлөө хамтдаа” аяныг дурдаж болох юм. Энэ аян маань хүүхэд, залуучуудад чиглэснээрээ онцлог. Мөн энэ оноос хувийн хэвшлийнхэн буюу бизнес эрхлэгчидтэй “Нүүр тулсан уулзалт”-ыг хийх болсон. Уулзалтаар бизнес эрхлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, дарамт шахалт, цаашид авах арга хэмжээ, эрх зүйн зохицуулалт, жишээ баримт бүхий авлигын зөрчлийн талаар халуун яриа өрнөдөг болоод байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс манай үйл ажиллагааг дэмжсэн, хамтран ажиллах санал, санаачилгууд ч гарах боллоо. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь дан ганц Авлигатай тэмцэх газрын ажил биш юм байна гэдгийг олон нийтийн түвшинд хүлээн зөвшөөрөх хандлага бий болж буйн зэрэгцээ манай үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллахад тодорхой ахиц, дэвшлүүд гарч байна. 

-Таны ярианаас үзэхэд өөр бусад байгууллагын оролцоотой хийгддэг ажил юм шиг байна. Авлигатай тэмцэх газрын ажилтнууд өөрсдөө ямар ажил үүрэг хийдэг юм бэ?

-Бид хязгаарлагдмал нөөцтэй. Цөөн тооны хүмүүс ажиллаж байна. Гэхдээ бид хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хэрхэн, яаж хангах вэ гэдэгт анхаардаг. Авлигын эсрэг хуульд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх асуудлаар төрийн байгууллага, иргэн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудад тодорхой үүргийг хүлээлгэсэн байдаг. Хамгийн гол нь төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний хүртэгч нь иргэн хүн, нийгмийн тодорхой бүлгүүд. Тэгэхээр тэдэнд зориулсан үйл ажиллагааг явуулахдаа хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэх, тэдний санаа бодол, санаачилгыг сонсох зайлшгүй шаардлага гардаг. Энэ бол бидний үүрэг, төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдниий оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах хуулийн үүрэгтэй. 

-Авлигатай тэмцэх газар орон нутагт салбаргүй. Танай ажилтнууд хөдөө орон нутагт явж ажилладаг байх. Энэ онд орон нутагт ажиллаж, ямар ямар зөрчил дутагдал илрүүлэв? 

-Баянхонгор, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймаг, тэдгээрийн 123 сум, нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сургалт зохион байгуулах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан. 

Орон нутаг болон дүүргүүдэд ажиллах явцад үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр хураамж тогтоосон, дүрэм, журам баталсан, төсвийн хөрөнгийг үр дүнгүй /хэт үрэлгэн/, зориулалтын бусаар зарцуулсан, хуулиар хориглосон хандив авсан, зохион байгуулсан, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон, төрийн улс төрийн болон төрийн захиргааны албан тушаалыг давхар хашсан, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргадаггүй, ойлгогдохуйц нөхцөл байдлаа тайлбарладаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн ба түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Жишээлбэл, сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр төрийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг бусад байгууллагаас шалгаж, хянахыг хориглоно” гэж тусгасан “Нийгмийн хариуцлагын гэрээ”, мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бус, үр дүнгүй зарцуулах боломжийг бүрдүүлсэн “Сэлэнгэ аймгийн Засаг даргаас олгох шагналын журам”, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн /ХАМО гэж нэрлэдэг/ нөхөрлөлөөс сар бүр хэзээ, хэн тогтоосон нь тодорхой бус татварыг хураан авдаг зэрэг асуудлыг хянан үзэж, нийт 37 шийдвэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгуулах арга хэмжээг авлаа. 

-Авлигаас урьдчилан сэргийлнэ гэдэг нь албан тушаалын гэмт хэрэг гаргахгүй байхад анхаарч ажиллана гэсэн үг байх. Энэ чиглэлээр ямар ямар ажил хийв? 

-Авлигын гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн нэлээд ажлыг гүйцэтгэлээ. Энэ хүрээнд тухайлбал, МУИС-ийн захирлын 2012 оны “Оюутан элсүүлэн суралцуулах тухай“ 652 дугаар тушаалыг хянан үзэхэд “шилжиж ирсэн оюутан тухайн жилийн төлбөрөөс гадна шилжилтийн төлбөр төлнө. Шилжилтийн төлбөрийн хэмжээг суралцах хөтөлбөрийн эрэлт, өрсөлдөөн, оюутны тоо зэргээс хамааруулан захиргааны зөвлөл жил бүр шинэчлэн тогтооно” гэж журамласан ба энэ нь Боловсролын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах арга хэмжээг авсан. 

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран зарцуулахаар зохицуулсан нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга татварын албадын дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээгээр 2012, 2013 онуудын “татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсний урамшуулал” болгож 4 тэрбум гаруй төгрөгийг олгосон асуудлыг илрүүлэн олон нийтийн анхааралд хүргэлээ.

Мэдээлэл, технологи, шуудан харилцаа, холбооны газраас төрийн зарим үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор “Төрийн үйлчилгээний цахим машин” ажиллуулж буй нь сайн талтай ч уг ажлыг хэрэгжүүлэхдээ ашиглалт, үйлчилгээний асуудлыг хариуцах эзнийг шийдвэрлээгүй, үйлчилгээний төлбөр нь уг машиныг нийлүүлэгч 2 аж ахуйн нэгж /”Ньюсоник” ХХК, “Аствишн” ХХК/-д төвлөрч байсан асуудлыг таслан зогсоож, “Үндэсний дата төв” УТҮГ-ийн өмчлөлд шилжүүлэн авахуулав.