Зарим албан тушаалтнууд ХАСХОМ гаргахгүй 

A- A A+
Зарим албан тушаалтнууд ХАСХОМ гаргахгүй 

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг журмын 5 дугаар хавсралт болох “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчлэн батлав. Нэмэлт, өөрчлөлт оруулсан уг журмыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна. 

“Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчлэн баталснаар авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах зарим албан тушаалтнууд, тухайлбал төрийн захиргааны 1-5 хүртэлх ангиллын албан тушаалтнууд цаашид хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргах шаардлагагүй болов. 

Тухайн байгууллагын зорилго, зорилт, батлагдсан бүтэц, орон тоо, тухайн ажлын байрны /тодорхойлолт/ чиг үүргээс үзэхэд байгууллагын бүтцийн нэгжийг удирддаггүй, эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргадаггүй /гадагш бус дотогш чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг/, шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий удирдах албан тушаалтны өмнө ажлаа тайлагнадаг, тодорхой төсөв, хөрөнгө захиран зарцуулах эрх хэмжээгүй; ажилтныг сонгон шалгаруулах болон томилох, чөлөөлөх асуудлаар ямар нэгэн захирамжлалын баримт бичиг /тушаал шийдвэр/ гаргадаггүй, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл багатай зарим албан тушаалтнаас ХАСХОМ авахааргүй боллоо. 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралт “ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ”-ын шинэчилсэн найруулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.