Гадаад мэдээ: Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани авлигын эсрэг сэрэмжлүүлэв

A- A A+
Гадаад мэдээ: Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани авлигын эсрэг сэрэмжлүүлэв

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Тегеранд болсон авлигын эсрэг үйл ажиллагааны үеэр телевизэд өгсөн ярилцлагадаа “Ширээн доогуур өгч, авалцдаг мөнгөө одоо ил дээгүүр нь өгдөг болжээ. Үүнийг устгахыг уриалж байна” гэжээ. 

Түүний Засгийн газар 2013 оны 8 дугаар сараас хойш төр барьж эхэлснээс хойш хэд хэдэн өндөр албан тушаалтны авлигын хэргүүд ил гарсан юм. Өнгөрсөн 5 дугаар сард тэрбумтан Махафарид Амир Хосравиг 14 төрийн өмчит болон хувийн өмчийн банкуудаас нийтдээ 2.6 тэрбум ам.долларын өмч хөрөнгө шамшигдуулсан, хээл хахууль авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгө угаасан зэрэг томоохон хэргийн ард байсан нь илэрснээр түүнийг ялласан байна. Мөн 9 дүгээр сард Дэд Ерөнхийлөгч асан Мохаммад Реза Рахимиг авлигын хэрэгт холбогдуулан хорьсон юм. Түүнийг Ираны тэрбумтан Бабак Занжанитэй холбоотой гэж мэдэгдсэн бөгөөд түүнийг өөрийн компаниудаар дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс борлуулсан Ираны нефтийн орлого болох 2.8 тэрбум ам.долларыг шамшигдуулсан хэрэгт буруутгажээ. 

Ерөнхийлөгч Хассан Роухани иранчуудыг авлигатай тэмцэхэд бүхий л хүчээ ашиглахыг уриалсан бөгөөд “Хээл хахууль, авлига өргөжиж байгаа нь Исламын хувьсгалд аюул учруулж байна, буу зэвсгийн үйлдвэрлэл, түүний сурталчилгаа хүртэл бүгд авлигын шалтгаан болж байна” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр монополыг маш их шүүмжилсэн бөгөөд “Ямар ч өрсөлдөөнгүй монопольчлогдсон бүхэн авлигыг өөгшүүлж байна, үүнийг уг үндсээр нь арилгах хэрэгтэй” гэсэн байна. 

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-middle-east-30378662