Ц.Нямдорж: АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Нүгэлтэйгээ байлд

A- A A+
Ц.Нямдорж: АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Нүгэлтэйгээ байлд

-Өнөөдөр манайд хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс АТГ-ынхан юм биш үү. Энэ хүмүүсийг цаашид яах ёстой вэ?

-Эрх мэдэлгүй байхдаа авлигатай тэмцэнэ гэж манай АН-ынхан их ярьсан. 2005 онд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн цуст лоозонтой орж байсан. 2009 онд “Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд орж байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болчихоод “Авлигатай тэмцэхэд найраа байхгүй шүү” гэж Их Хурлын индэр дээрээс ярьж байсан. Тэгж байсан хүмүүсийн зарим нь өнөөдөр авлигатай биш АТГ-тай тэмцэх ажилтай болчих юм. Хүрээллийнх нь хүмүүс элдэв зүйлд орооцолдоод ирэхээр ингэж зүсээ хувиргадаг юм байна. Авлига асуудал мөн үү гэвэл мөн. Хамгийн сүүлд гэхэд өрөөндөө мөнгө авч байгаад л баригдлаа. Ийм зүйлтэй тэмцэхгүй гээд яах юм. Үүнтэй тэмцдэг байгууллагыг ингэж ад үзэж болохгүй. Бусад руу болохоор дайрахын дээдээр дайрдаг байж өөрсдөө асуудалд холбогдохоороо АТГ-тай дайн зарлаад байгааг ойлгохгүй юм. Тийм л юм бол анхнаасаа авлига авахгүй л байхгүй яасан юм. Авлигын хэргийг зохион байгуулахгүй л байхгүй юу. Одоо болоо юм биш үү. АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Ийм зүйл ярьж байгаа хүмүүс нүгэлтэйгээ байлд. 

АТГ-тай тэмцэж байгаа хүмүүсийн ард нэг авлигын хэргийг нуух гэсэн санаа байдаг байхгүй юу. Үүнийг чинь мэдэж ядаад байх зүйл огт байхгүй. Нэг нь чарлаад ирэнгүүт цаад талд нь юу байгаа юм гэхэд “Тийм юм байгаа” гээд мэдэгддэг байхгүй юу. Хуулийнхнаас асуухад нарийн ширийнээ хэлэхгүй ч гэлээ иймэрхүү зүйл байгаа л гэдэг байхгүй юу. Халаасандаа нэг хүнтэйгээр АТГ руу дайрдаг юм. Үүнд бууж өгч болохгүй. Авлигачдын өмнө Монголын төр бууж өгч болохгүй. Өршөөлийн хуулийн үед Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн ард нэг том асуудал байсан болохоор яг үнэнийг хэлэхэд үхэл, сэхлийн төлөөх дайн явагдсан. Арай ч буу сумандаа хүрээгүй дууссан. Энэ сэдвийн хүрээнд өнөөдөр авлигачдын өмнө Монголын төр бууж өгөх үү гэдэг тэмцэл явагдаж байна. Энэ байдлаараа цааш явбал төр нь ялагдаж мэдэхээр байна. Учир нь шүүх, прокурорыг гартаа хийчихсэн олигархи бий. Эдний чинь амьдардаг нэг хөрс суурь нь авлига. Баахан бүтээн байгуулалт нэрээр төсвөөс мөнгө гаргаж тэрэн дээр ажиллаж ашиг хүртдэг нь зарим хүмүүсийн амьдрах арга хэрэгсэл болчихлоо. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Өдрийн сонин”-ы 2015 оны 12 дугаар сарын
11-ний өдрийн 298 /5250/ дугаарт өгсөн “Ц.Нямдорж: Шунал, эрх мэдэл, мөнгө
гурвыг салгахгүй бол ойрдоо Монголын төр олигтой нар үзэхгүй” гарчигтай
ярилцлагын хэсгээс