Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт хариуцлага тооцуулахаар хандав

A- A A+
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт хариуцлага тооцуулахаар хандав

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнгөрсөн оны туршид эрүүл мэндийн салбарт түлхүү хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд Нийслэлийн амаржих газруудад ажилласан билээ. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт хийх үеэр хэд хэдэн зөрчил, дутагдал илрэв. Зөрчил, дутагдлын дийлэнх нь тус амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгийн үйл ажиллагаатай холбоотой байна. 

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын байранд түрээсийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцах явцад иргэн Ж.Золзаяагийн нэр дээр зөвлөх эмч Ж.Оюунцэцэг гэрээ байгуулж тус газрын байранд амбулаторийн үйлчилгээ эрхэлж ажлын цагаар иргэдийг хүлээн авч, төлбөрт үйлчилгээ явуулсан байна. Ингэхдээ Ж.Оюунцэцэг нь давхар ажил эрхлэх зөвшөөрлийг хуульд заасны дагуу ерөнхий эмч Б.Оюунхандаас авч байгаагүй байна. 

Зөвлөх эмч Ж.Оюунцэцэг нь 2013 онд тус газрын дарга Б.Оюунхандтай нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. Тэр үеэс эхлэн ажлын цагаар хувийнхаа эмнэлэгт иргэдийг үзэж төлбөр авдаг байжээ. Мөн тус төвийн байранд байрлах иргэн Ж.Золзаяагийн хувийн эмнэлгийн гадна талын хаяг дээр нийслэлийн хоёрдугаар амаржих газрын албан ёсны логотой нөхөн үржихүйн амбулатори гэж бичсэн байх бөгөөд өөрийн утасны дугаарыг байршуулсан нь иргэдэд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын албан ёсны үйл ажиллагаа явуулдаг амбулатори мэт харагдуулж, санаатайгаар төөрөгдүүлсэн гэж үзэх үндэстэй юм. 

   

Ж.Оюунцэцэгийн хувийн эмнэлэгтээ байршуулж, үйлчлүүлэгчдийг төлбөртэй үздэг ЭХО-ны аппарат нь 1975 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Medison 6000 аппарат байсан бол “Хүрээ” амаржих газарт хэрэглэж буй ЭХО-ны аппарат нь Япон улсад 2012 онд үйлдвэрлэсэн Hitachi Noblus загварын 3D ЭХО-ны аппарат байв. Эндээс үзэхэд эмч Ж.Оюунцэцэг нь улсын эмнэлэгт хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн 3D аппаратаар иргэдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломж бүрдсэн байхад хувийнхаа эмнэлэгт чанар болон хүчин чадал нь цаг үеэсээ хоцрогдсон аппаратаар иргэдийг оношилж ашиг орлого олдог нь холбогдох баримтуудаар нотлогдож байна. 

 Эмч Ж.Оюунцэцэгийн хувийн эмнэлэгт хэрэглэж буй БНСУ-д 1975 онд үйлдвэрлэсэн Medison 6000 ЭХО аппарат

 

Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт хэрэглэж буй 2012 онд Японд үйлдвэрлэсэн Hitachi Noblus загварын 3D ЭХО-ны аппарат. Тус аппарат нь яаралтай үед дээд талын хэсгийг нь авч зөөврөөр хэрэглэх боломжтой, нөөц цэнэгтэй. 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг, мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 3 дугаар зүйлийн 3.25-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх” заалтыг тус тус зөрчсөн үйлдэл юм. 

Иймд Авлигатай тэмцэх газраас зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан арга хэмжээг тооцуулахаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрын дарга Б.Оюунханд, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга Л.Зэндмаа нарт хандаад байна.