Барилгын салбарт дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцүүлэв

A- A A+
Барилгын салбарт дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцүүлэв

Авлигатай тэмцэх газраас Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Азийн сантай хамтран “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төслийг хэлэлцүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллага, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассицаци, Монголын зураг төсөл зохиогчдын холбоо, Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо, Монголын архитекторуудын эвлэл зэрэг мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт оролцогчид барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах шаардлагыг бодит байдалд нийцүүлэх, хэт өндөр шалгуур тавихгүй байх, аль болох бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд нь чиглэх ёстой гэж санал бодлоо илэрхийлж байлаа. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн инженер, техникийн ажилтан болон зөвлөх инженер давхцалгүй байхыг шаарддаг нь бодит байдалд нийцдэггүй бөгөөд тэдний хүрэлцээ байдаггүй учраас тусгай зөвшөөрөл авахын тулд тухайн инженерийг ажиллаж буй газраас нь чөлөөлүүлэх, томилох, буцаан чөлөөлөх, томилох зэргээр шилжилт, хөдөлгөөн хийж наймаалцахаас аргагүйд хүрдгийг хэлж байв. Түүнчлэн боловсон хүчний мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой сургалтыг олон улсад мөрдөгдөж буй орчин үеийн шаардлагад нийцэхгүй байгааг шүүмжилж, энэ талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг анхаарууллаа.

“Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаа”-ны үнэлгээ, Авлигын индекс, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөл” судалгааны дүн зэрэгт тулгуурлан Авлигатай тэмцэх газраас 2016 онд барилга, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг нь дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, салбарын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байна. Үүний нэг нь төрийн байгууллага, удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, тухайн шийдвэрийн төслийг сонирхогч бүлгүүдэд танилцуулах, харилцан зөвлөлдөх боломжийг олгох, тэдний саналыг тусгуулахад чиглэсэн ажлыг зохион байгуулж байна.