Авлигатай тэмцэх газраас албан ёсны мэдээлэл өгөв

A- A A+
Авлигатай тэмцэх газраас албан ёсны мэдээлэл өгөв

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийв. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид Төрийн ордонд очиж иргэн Намбарын Энхбаярт албан бичиг өгсөн талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж, олон нийтийг өдөөн хатгах оролдлого хийж байгаа тул албан ёсны үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай гэж үзэж энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хийв. 

Тэрээр “Төрийн ордонд нэвтрэх эрхийн зөвшөөрөлтэй Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай албан бичгийг аваачиж гардуулсан. Энэ албан бичгийн гол агуулга нь иргэн Энхбаяр таны байгаа газарт очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай. Иргэн Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийн хувьд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Авлигатай тэмцэх газраас иргэн Намбарын Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас аваачиж өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 22, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах ёстой. Иймээс Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авах үүднээс иргэн Намбарын Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг гардуулсан” гэж мэдээллээ 

Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

-Н.Энхбаярын улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан байгаа юу? 

-Иргэн Намбарын Энхбаярт хилийн хориг тавигдаагүй байгаа. Харин бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар иргэн Намбарын Энхбаярыг мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авсан.

-Танайх албадлагын арга хэмжээ хэрэглэх үү? Шууд баривчилж болохгүй юу?

-Албадлагын арга хэмжээ авахыг урьтал болгоогүй. Иргэн Намбарын Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байгаа. Цаашид хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. 

-Цаашид яах вэ? 

-Авлигатай тэмцэх газар албан бичгээ гардуулан өгсөн. Иргэн Намбарын Энхбаярыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг биелүүлж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцоно гэж найдаж байна. 

-Танай мөрдөн байцаагчдыг Шадар сайдын өрөөнд дайрч орсон гэж байгаа? 

-Төрийн ордонд нэвтрэх албан ёсны зөвшөөрөлтэй мөрдөн байцаагчид иргэн Намбарын Энхбаярт албан бичиг гардуулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн шиг дайрч орсон асуудал байхгүй.