Барилгын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

A- A A+
Барилгын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, салбарын болон байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээний дүнг танилцуулах зэрэг чиглэлээр барилгын салбарт ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас зохион байгуулж буй барилга байгууламжийн дулаан хангамж, агаар сэлгэлт, ус хангамж, ус ариутгах татуурга, сантехник, зураг төсөл зэрэг инженерийн мэргэшсэн зэрэг горилогчдод зориулсан сургалтын хөтөлбөрт “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт” сэдэвт хичээлийг тусгуулж сургалт хийж, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөл” судалгааны дүнг танилцуулах, гарын авлага түгээх, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төслийг сонирхогч бүлгүүдэд танилцуулах, харилцан зөвлөлдөх боломжийг олгох, тэдний саналыг тусгах зорилготой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Болортуяатай өнөөдөр уулзаж, хамтран хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлийн талаар харилцан ярилцав. 

Авлигатай тэмцэх газар 2016 онд барилгын салбараас гадна уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллах юм.

Удирдамжийг ЭНД дарж үзнэ үү.