Уул уурхайн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

A- A A+
Уул уурхайн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, салбарын болон байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээний дүнгийн мөрөөр зохих арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх зорилгоор уул уурхайн салбарт ажиллаж байна. 

Тус газраас 2016 онд уул уурхайн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнг бууруулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад хууль тогтоомжоор төрийн байгууллагад, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллах шаардлага байгаа талаарх саналыг Ашигт малтмалын газрын даргад, тухайн салбарт мөрдөгдөж буй зарим дүрэм, журмыг авлигын эсрэг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах саналыг Уул уурхайн сайдад тус тус уламжлаад байна. 

Түүнчлэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөл” судалгааны дүнг танилцуулах, гарын авлага түгээх, НҮБХХ-ийн төслийн дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлж буй “Олборлох салбар дахь авлигын эрсдлийн судалгаа”-ны талаарх мэдээллийг төрийн байгууллагуудад танилцуулах, харилцан зөвлөлдөх боломжийг олгох, тэдний саналыг тусгах зорилготой уулзалт зохион байгуулсан юм.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артагтай нар өнөөдөр уулзаж, хамтран хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлийн талаар харилцан ярилцав. 

Авлигатай тэмцэх газар 2016 онд уул уурхайн салбараас гадна эрүүл мэнд, боловсрол, барилгын салбарт чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллах юм.

Удирдамжийг ЭНД дарж үзнэ үү.