Р.Эрдэнэбүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа

A- A A+
Р.Эрдэнэбүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа

Авлигатай тэмцэх газраас Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчид болон УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг саатуулан шалгаж байгаа гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. 

-УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг Гааль, татварын ерөнхий газрын зарим албан хаагчдад холбогдох хээл хахуулийн гэмт хэрэгт саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл зарим эх сурвалжаас гарч байна. Энэ үнэн мэдээлэл үү? 

-Авлигатай тэмцэх газраас Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа нь үнэн. Түүнийг Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчидтай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгасан зүйл байхгүй. 

Харин Гааль, татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга “М”-ийг албан тушаалын эрх мэдлийг ашиглан, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа бөгөөд Р.Эрдэнэбүрэн, “М” нарыг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч саатуулсан. Эдгээр хүмүүс нь нэг өдөр л саатуулагдсан болохоос тус тусдаа өөр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Олон нийтэд үнэн зөв, бодиттой мэдээлэл өгөх үүднээс товч мэдээлэл өгч байгаа юм. 

-ГТЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын дарга нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр саатуулагдан шалгагдаж байгаа Замын –Үүдийн гаалийн байцаагч нарын хэрэгт холбоотой юу? 

-Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин Авлигатай тэмцэх газраас Гааль, татварын ерөнхий газартай хамтран тухайн салбарын хэмжээнд төрийн албаны болон байгууллагын ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хор аюулыг албан хаагчдад ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын шалтгаан нөхцлийг илрүүлэн тогтоох, үр дагаварыг нь арилгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.