Авто замын засвар, арчлалтын чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниуд авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болно

A- A A+
Авто замын засвар, арчлалтын чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниуд авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болно

Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн яам, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай хамтран орон нутгийн болон нийслэлийн зарим дүүрэгт авто замын засвар, арчлалтын үйл ажиллагаа эрхэлж буй ТӨХК-уудын удирдлага, албан тушаалтнуудад зориулсан сургалт, уулзалтыг “Их тэнгэр” цогцолборт өчигдөр зохион байгууллаа. 

Сургалт, уулзалтын үеэр Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлахын зэрэгцээ Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Сургалт, уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн 21 аж ахуйн нэгж, Зам тээврийн хөгжлийн төвөөс нийт 65 хүн хамрагдлаа. 

Энэ ажлын үр дүнд авто замын засвар, арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТӨХК-ууд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан байгууллагын цахим хуудастай болох бөгөөд энэ оноос “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г жил бүр батлан хэрэгжүүлж, үнэлгээнд хамрагдахаар боллоо.