Т.Хасбаатар: АТГ хуулийн хүрээнд ажиллахад маш олон бэрхшээл үүсч байгаа

A- A A+
Т.Хасбаатар: АТГ хуулийн хүрээнд ажиллахад маш олон бэрхшээл үүсч байгаа

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Т.Хасбаатар: 

-Монгол Улс бол Авлигын эсрэг хуультай. 1990 оноос хойш Монгол Улсын төсөв үе шаттайгаар өсч, улс орны эдийн засаг тэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор маш олон тооны санхүүжилт, улсын төсвөөр санхүүждэг мега төслүүд, уул уурхайтай холбоотой томоохон тэлэлтүүд ийм цаг хугацаанд авлигын эсрэг тэмцлийг явуулахад АТГ хуулийн хүрээнд ажиллахад маш олон бэрхшээл үүсч байгаа. Авлигын эсрэг тэмцэхэд маш хүнд бэрх давааг туулдаг гэдгийг олон жишээн дээр харж болно. Ялангуяа төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнууд авлигатай тэмцэх үйл явцыг удаашруулж, хориг саад болох, хуулийн цоорхой гаргаж авлигатай тэмцэж байгаа Монгол Улсын төрийн ирийг мохоох гэсэн үйлдлийг удаа дараа харуулж байна. Ер нь онцгой бүрэн эрхтэй, хуулиар баталгаажсан эрх бүхий УИХ-ын гишүүд халдашгүй байдлаа түр түдгэлзүүлж шалгуулаад цэвэр бол цэвэр гэдгээ мэдэгдээд ард түмэндээ эргээд ирэх ёстой юм. Тэгэхгүйгээр жаахан хураасан нэр хүндээ энэ авлига, бохир мөнгөтэй хутгалдаж, олны цуурхал яриагаар барж дуусч байна. Тиймээс ард түмэн энэ эрх мэдэлтэй болсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, томоохон улс төрийн албан тушаалтнуудыг томилж, өөрсдийгөө төлөөлж явуулдгийн хувьд нэхэж шаардаач ээ. Яагаад эрхээ түдгэлзүүлээд, шалгуулаад цэвэр ариун байгаа гэдгээ харуулж чадахгүй байна вэ. Утас бариад, хүн цуглуулаад, нөмөр дор нь сүгсэлзсэн, сагсалзсан хүмүүс ирж олон түмнийг бухимдуулж, ард түмнийг талцуулж байгаа увайгүй үйлдлээ таслан зогсоох хэрэгтэй. АТГ сүүлийн жилүүдэд жараахайтай биш тултай тэмцдэг болсон. Энэ үйл явцыг ард түмэн ойлгож дэмжиж байгаа. Харамсалтай нь төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа УИХ-ын гишүүд ийм бусармаг үйлдлийг удаа дараа явуулж байна. Хойшид бид анхааралтай ажиглаж байгаа нэг зүйл бол Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах замаар өөрсдийн бүрэн эрх, булхай луйвраа дарсан онцгой тэмүүллийг бий болгож эхэллээ. Өнөөдөр бид анзаарсан байх. Хоёр хөршийн маань төрийн тэргүүнүүд, өндөр албан тушаалтнууд ирж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд санаа зовохоор үг хэллэг хэрэглэж байгаа нь энэ увайгүй улстөрчдийн Монголыг талцуулж байгаа хор уршиг гэж үзэж байгаа. Тийм учраас Монгол Улсын төрийн тэргүүнээс авахуулаад жирийн иргэн болгон энэ авлигатай тэмцэх чин үүрэг хариуцлагатай цаг үед тулж иржээ. Авлигагүй болж байж Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бүрэн хангаж чадах ёстой юм. Үүнийг ч бид Авлигын эсрэг хуулиараа баталгаажуулсан. Эрхэм сэтгүүлч та бүхэн энэ асуудлаар ард олныг соён гэгээрүүлэхэд бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хийлгэсэн хэвлэлийн
бага хурлаар хийсэн мэдээлэл. “Монголньюс” мэдээллийн төв. 2016.04.14.