Д.Цэрэнжав: Авлигатай тэмцэхтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах, хуульд өөрчлөлт оруулахдаа маш хянамгай хандахыг уриалж байна

A- A A+
Д.Цэрэнжав: Авлигатай тэмцэхтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах, хуульд өөрчлөлт оруулахдаа маш хянамгай хандахыг уриалж байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Цэрэнжав: 

-Манай улсын тулгамдсан асуудлыг манай засаг хэлэхдээ эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэдэг. Байдлыг харах юм бол хууль ёс, хууль ёс, хууль ёс болсон байна. Би хоёр санаа хэлье. Юуны өмнө хууль тогтоомжийг биелүүлэхгүй байна. Дагаж мөрдөхгүй байна. Эсэргүүцэх, дайрах, давшлах явдал маш их хавтгайрсан байна. Бид үүнд дасал болсон байна. Үүнийг сүүлийн өдрүүдийн үйл явц харуулж байна. Та бүхэн анзаарсан бол АТГ сүүлийн 2-3 жилийн турш төрийн өндөр албан тушаалтнуудаас авлигын янз бүрийн нэр нь гарсан, дурдагдсан, холбоотой байж болох албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн зүгээс маш их дайралтад өртөж байгаа, маш их довтолж байгаа, шүүмжилж байгаа. Хоморголлоо, хэлмэгдүүллээ, хүний эрхийг зөрчлөө, 37 он боллоо гэх мэтээр нийгэмд таагүй уур амьсгал үүсгэж байгаа. Гэхдээ нарийн аваад үзэх юм бол олон нийт АТГ-ыг дэмжиж байгаа. Энэ бол тодорхой хүмүүсээс гаргаж байгаа үг яриа. Нэр бүхий хүмүүсээс гэж хэлж болно. Тэгэхээр ийм асуудал төрж байна. Магадгүй, АТГ нь таалагдахгүй болоод, Авлигын эсрэг хууль таалагдахгүй болоод, нэр ч юм уу таалагдахгүй, хүмүүс нь таалагдахгүй болоод АТГ-ыг эсэргүүцээд байдаг юм уу гэхээр үгүй юм байна гэдгийг 2 хоногийн өмнө болсон үйл явдал харууллаа. АТГ биш цагдаагийн байгууллага УИХ-ын нэр бүхий гишүүний өрөөнд нь ч нэвтрээгүй, эзэмшилд нь байдаг компанид нэгжлэг хийх үеэр юу болов. Тэр эрх мэдэлтэй хүмүүс, хууль ёсыг сахиулах ёстой хүмүүс, хууль ёсны бэлэг тэмдэг болж байх ёстой хүмүүс бусдыг цуглуулж турхирсан. Тэгэхээр ганцхан АТГ-ыг шүүмжлээд байсан бол нэг тохиолдол гэж бодохсон. Хүчний 2 байгууллагын эсрэг төрийн эрх мэдэлтэй албан тушаалтнууд, би дахиж хэлье, хууль ёсны бэлэг тэмдэг болж байх ёстой хүмүүс ийм үйлдэл гаргаж байгаа гэдэг бол үнэхээр ноцтой. Энэ бол систем болж, жишиг болж байгааг би хэлмээр байна. Тэгээд УИХ-ын нэр бүхий гишүүдэд хандаж би уриалмаар байна. Жишээлбэл, тэд ингэж ярьж байна. Бид нам дотроо тохиролцоод зөвшилцсөн байхад Баттулга гишүүнийг шалгахаа болихгүй нь ээ гэж. Та бүхэн төсөөл дөө. Намын гишүүд хурал хийгээд цагдаагийн байгууллага энэ дагуу мөрдөх үү мөрдөхгүй юу гэдгээ шийдэх ёстой юм гэнэ ээ. Энэ бол болохоо байж байгаа юм биш үү, даварч байгаа юм биш үү. Тийм учраас манай УИХ-ын гишүүд хэлж ярьж байгаа үгэндээ тэр тусмаа энэ сонгуулийн өмнө анхааралтай хандаач ээ гэдгийг хэлмээр байна. 7 дугаар сарын 1-ний үйл явдал гэм хоргүй иймэрхүү дуулиан шуугианаас эхэлсэн шүү гэдгийг би сануулмаар байна. Та бүхэн түүхээс мэдэх байх. Бүр 17 дугаар зуунд Францын Людовик 14 дүгээр хаан “Би төр” гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэрэн шиг манайд “Би төр” гэж хэлэх хүн хараахан байхгүй байна. Гэхдээ “Бид төр” гэж хэлдэг бүлэг хүмүүс бий болсон байна шүү. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө хууль тогтоомжид янз бүрийн өөрчлөлт оруулж магадгүй гэсэн сураг байна. Бидний чихийг дэлсч байна. Ямар нэгэн байдлаар, албан ёсоор мэдээлэл өгөөгүй ч гэсэн тэгж магадгүй байна. Тийм сураг байна. Би үүнийг яагаад хэлж байгаа вэ гэхээр юм л бол хууль тогтоомж болохгүй байна, өөрчлөх хэрэгтэй, шинэчлэх хэрэгтэй гэдэг нь сүүлийн үед хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх, биелүүлэхгүй байх, дагахгүй байх арга болж хувирсан байна шүү гэдгийг би хэлмээр санагдаж байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Хууль тогтоомжийн тухай хууль гэж ноднин хавар батлаад энэ 2 дугаар сарын 5-наас хэрэгжих ёстой байтал УИХ хуралдаад 2017 он болгоод хойшлуулсан. Бид болохоор за яахав 2016 оны сонгуулиар өөрсдөө гарахтай холбоотойгоор сонгуулийн хуулийг дураараа өөрчлөх ч юм уу ийм зорилгоор хойшлууллаа гэж бодсон чинь өөр бас янз бүрийн, сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад янз бүрийн шийдвэрүүдийг гаргахад олон нийтийн ямар нэгэн оролцоогүй, хяналтгүйгээр шийдвэр гаргах ийм нөхцөлийг өөрсдөдөө бүрдүүлсэн гэж ойлгож байна. Манай зөвлөлөөс мэдэгдэл гарсан байгаа. Хэрвээ сонгуулийн өмнө, ийм эгзэгтэй нөхцөл байдалд, эгзэгтэй юу байхав, улс төрийн уур амьсгал халсан ийм нөхцөл байдалд авлигын аливаа үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах гэж байгаа бол, төлөвлөж байгаа бол түүнийгээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлэг зохион байгуулахыг бид Олон нийтийн зөвлөлийн өмнөөс уриалж байна. Энэ бол маш чухал. Асуудал гэнэтхэн орж ирээд, гэнэтхэн шийдвэрлэгдэж байгааг бид Ганболд даргын жишээн дээрээс харлаа. Хувь хүний эрүүл мэндтэй холбоотой асуудалд бид гүнзгий тайлбар хийх шаардлага алга. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбар 6 сар сайдгүй яваад байдаг, адилхан УИХ-аас томилогддог Санхүүгийн зохицуулах хорооны дарга ажлаа өгчихөөд байхад УИХ бүтэн сар болж байж чөлөөлсөн. Юм шийдэгдэх болохоороо маш хурдан шийдэгддэг юм байна. Ийм хурдан хуумгай шийдвэр гаргах энэ уур амьсгал, нөхцөл байдал, цаг хугацаанд авлигатай тэмцэхтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах, хуульд өөрчлөлт оруулахдаа маш хянамгай хандахыг бид төр, засгийн эрх мэдэлтэй хүмүүст хандан уриалж байна. 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хийлгэсэн хэвлэлийн
бага хурлаар хийсэн мэдээлэл. “Монголньюс” мэдээллийн төв. 2016.04.14.