Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2, 5 дугаар бүлэгт өөрийн үнэлгээ хийнэ

A- A A+
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2, 5 дугаар бүлэгт өөрийн үнэлгээ хийнэ

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар бүлгийг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж байгаад өөрийн үнэлгээг хийх шинжээчдийн багийг шалгаруулаад байна. Өмнө нь 2011 онд Конвенцийн 3, 4 дүгээр бүлгийг НҮБ-аар үнэлүүлж, шинжээчдийн зөвлөмж гаргуулсан бөгөөд энэ нь НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөөтэйгүүр дэлхийн тавцанд тухайн улсын нэр хүндэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. 

Авлигын эсрэг конвенцид заасан үүргийн хэрэгжилтийг дотоодын шинжээчдээр урьдчилан үнэлүүлж, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлэх үүргийг уг Конвенцид нэгдсэн улс орнууд хүлээсэн байдаг. Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Хөрөнгө буцаан олгох” бүлгийн хэрэгжилтэд хөндлөнгийн, урьдчилсан үнэлгээг хийхээр “Юстиция” ХХК болон “Баянзүрх консалтинг” ХХН шалгарав. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар бүлгийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайланг 8 дугаар сард багтааж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлэхээр ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг конвенцийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Авлигатай тэмцэх дэлхийн хамгийн хүчтэй эрх зүйн зэвсэг” хэмээн тодорхойлсон юм.