УИХ-ын гишүүд юу хэлэв?

A- A A+
УИХ-ын гишүүд юу хэлэв?

УИХ дээр арваадхан гишүүн оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед үг хэлсэн УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. Төрийн тусгай албадын үйл ажиллагааг улс төрийн нөлөөнд оруулах зорилготой гэж шүүмжлүүлж байгаа дээрх хоёр хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд ингэж ярьж байна. 

УИХ-ын гишүүн Х.Тлейхан: -Бид хууль баталж байж яагаад хуулиа мөрдөхгүй байна вэ? Энэ зааланд 15 хүн байна. 15 хүн хууль баталж болдог хуультай юм уу? Хурал даргалагч аа, та өөрөө хууль сахиулаач. Гишүүдээ цуглуулаач. Хуулиа биелүүлээч. Ингэж хэлбэрдэхээ болих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Улс төрөөс л хамааралтай байлгаж болохгүй. Улс төрийн албан тушаалтан гэдэг чинь нүүдлийн шувуу байхгүй юу. Тэгэхээр улс орны амьдралтай холбоотой, ялангуяа гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудал руу орж болохгүй. Энэ ажил бол төрийн нууц гэдэг асуудлынхаа хүрээнд байж байж явна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ хуулийг бид тойргоо томсгоё, жижиг болгоё, квотыг хасъя, хасахгүй байя гэдэг үед, зарим шөнө нойргүй хонож байгаа ийм үед хэлэлцэх гэж байгаа байхгүй юу. Хэр чанартай хууль гарахыг бүү мэд. Гэхдээ энэ бол хүний эрхийг зөрчих, зөрчихгүй байх, хангах, хамгаалах чиглэлд хамгийн гол хууль. Маш том хууль. 9 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж байна. Магадгүй, Засгийн газар бүрэлдэж амжих уу, үгүй юу. Ийм нөхцөл байдал үүсэхийг би үгүйсгэхгүй байна. Энэ хууль 9 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх нөхцөл байдал байна уу. Харин хуулийн хэрэгжих хугацааг дараа оны 1 сарын 1-нээс болгоод энэ хуулиудаа нухацтай хэлэлцээд явбал яасан юм бэ. Хугацааг нь хойшлуулах асуудлыг тавья гэж бодож байгаа.