Авлигачид биш авлигатай тэмцсэн нь бурууддаг цаг уу?

A- A A+
Авлигачид биш авлигатай тэмцсэн нь бурууддаг цаг уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүнээр сонгогдож тангараг өргөсөн өдрөө л “Авлигатай тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн. Үүнийг “Олныг татах гэсэн шоу” гэсхийгээд хэрэгсэлгүй өнгөрөөх нэг хэсэг байв. Харин Ерөнхийлөгч эхлээд авлигын хэрэгтнийг хаанаас хайх вэ гэдгийг тодорхой хэлж, “эрэл хайгуул” үйлдэх хязгаарыг хумьж өгсөн. 

“Авлига, албан тушаалын хэргийг ард иргэд, жирийн хүмүүс хийдэг юм биш. Албан тушаалтан хийдэг. Хуулийг хууль биш гэж үздэг хүн хийдэг. Би үүнийг хийсэн байхад ямар ч хариуцлага хүлээлгүй гарч чадна гэж үздэг бардам улсууд хууль дээр гишгэж байгаад хийдэг. Хаацайлах сүлжээтэй, хахуульдах мөнгөтэй, ийм эрхтэй гэж өөрийгөө боддог улсууд л хийдэг” хэмээн Төрийн тэргүүн очсон, хүрсэн газар бүхэндээ хэлдэг, яртдаг, тэгж хийхийг харьяа байгууллагуудаас нь шахдаг. Тэр хэрээр тэмцэл ч байгаа онож, жараахай гоходдог байсан АТГ өдгөө аварга халимуудыг оосорлодог болсон. Харин тэгтэл өдгөө авлигатай тэмцсэн нь бурууддаг цаг ирээд байна бус уу. МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэж “хилсээр” нэрлээд, хэтэрхий шударга түүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн болгож өгөхгүй хэлмэгдүүлээд байгаа юм байх. Одоо байчихаад “Намайг оролцуулбал УИХ-ын сонгууль шударга болно. Эс оролцуулбал шударга бус болно” гэж ил цагаан мэдэгдээд эхэллээ. 

Авлигатай дайтсан хүнийг буруутгадаг байдал хууль тогтоох байгууллага болох УИХ дотроос ч гарлаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлмэгдсэн хүний дүрд итгэлтэй нь аргагүй тоглож явна. 

УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга хоёр компанийн санхүүд аудитын шалгалт хийх гэсний төлөө “Юун гуя” гэгчийн үлгэрээр сүр бадруулж, төрийн түшээгийн амь насанлд халдах гээд мэргэн буудагч байшингийн орой дээрээс буу онилоод хэвтэж байна хэмээн сүржигнэв. Түүний дүйвээнээр эрхэм гишүүд, сайд дарга нар, хотын мэр, алдар цуутай тамирчид багшран шуугицгаав. 

Авлига муухай гэчихээд авлигаар амьдрах нь зүйтэй гэсэнтэй агаар нэг үйлдэл ил цагаандаа гарлаа. Бүр авлигачийг хамгаалах үүднээс урьтуулаад төлөвлөгөөтэй нийтлэл, нэвтрүүлгээр иргэдийн тархийг угаадаг болсон байна. Авлигачийг өөгшүүлнэ гэдэг яваандаа улс үндсээрээ мөхөхийн цондон гэдгийг ингэж дүйвээнээр дүвчигнэгчид уг нь бодож болгоож баймаар юм. Мандаж явсан хүчирхэг улсыг авлигаар угжиж амархан мөхөөсөн жишээ бидний хаяанд бий. 

Зуугаадхан жилийн өмнө Манж чин гүрэн хэмээгч улс монголчуудыг, бидний өвөг дээдсийг хараандаа байлгаж байсан. Бас Хятадын толгой дээр зайдалж байв. Харин хятадууд мөнөөх манжуудыг тосонд умбуулж, торгоор хулдаж, өнгөтэй өөдтэйгөөр авлигадаж гялбуулсаар байгаад хэн ч биш болгон мөхөөсөн. Непал буюу Балба гэж өндөр уулсын орон бий. Бурхан бумбын орон ч гэх. Арван цагаан буяныг хурааж, арван хар нүглийг тэвчинэ гэх атлаа гэм нь авлигад идэгдсэн улс. Үүнээсээ болоод иргэдийн дийлэнх ядуу. 2014 оны Авлигын төсөөллийн индексээр Балба улс дэлхийн 175 орноос 126 дугаарт жагсч, өндөр авлигатай орны тоонд оржээ. Судалгаагаар улс төрийн намууд, төрийн үйлчилгээ нь авлигад идэгдсэн хэмээн нэрлэгдсэн байна. 

Арав орчим жилийн өмнө Монгол Улс индексээр 120-д байсан. Балбаас 6 байрын өмнө л явсан хэрэг. Харин одоо бол Монгол авлигатай ширүүхэн дайтсаны дүнд 78 дугаар байрт ортлоо хэдхэн жил дотор урагшлаад буй. 

Армен улс Монголтой ойролцоо буюу 3 сая 200 мянгаад хүн амтай. Гэвч авлига газар авсан, нийт хүн амын гуравны нэг нь нэн ядуу хэмээн бүртгэгджээ. Хээл хахуулийн эсрэг зоригтой хөдлөхөөр Авлигатай тэмцэх зөвлөл байгуулсан ч түүнийг удирддаг Ерөнхий сайд нь төвийн мөнгийг дураараа хийсгэдэг учир иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. 

Авлигын намагт нэлээд гүн суусан Нигери улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари энэ хорт үзэгдлийн эсрэг тэмцэл өрнүүлснийг ард иргэд нь талархан хүлээн авч буй ажээ. Тэндхийн төрийн албаныхан иргэдийн сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой байсан 150 гаруй сая ам.долларыг хувьдаа завшсан нь эхний ээлжинд илэрсэн гэсэн судалгаа байна. 

Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад оролцохоор ирсэн Италийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахдаа хууль, шүүхийн байгууллага, парламентад ажиллахдаа 43 жилийн турш авлигатай тэмцсэн тухайгаа хэлсэн. Ерөнхийлөгч “Та манай парламентад байвал маш хэрэгтэй хүн байна” гэсэн нь манай гишүүд ийм байдаг болоосой гэсэнтэй агаар нэг сонсогдсон. Ямар ч гэсэн Монгол Улс, Монгол Улсын Ерөнхийлөгч, АТГ сүүлийн хэдэн жил авлига, хээл хахуультай тууштай тэмцэж байна. Үүнийхээ үр дүнд авлигын индексээрээ Балбаас 6-хан алхмын өмнө явснаа нэлээд урагшилж чадлаа.

Харин авлигачитай тэмцсэнээ дотроосоо буруутгаад, авлигачдаа өмөөрөөд суудаг болсон нь юуны цондон бэ? 

Д.Цэнгэл
Эх сурвалж: “Өдрийн сонин”. 2016.05.03. №105 /5370/