Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам иргэдийн өргөдөл, гомдлыг хангалтгүй шийдвэрлэдэг нь үндэслэлтэй байна

A- A A+
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам иргэдийн өргөдөл, гомдлыг хангалтгүй шийдвэрлэдэг нь үндэслэлтэй байна

Авлигатай тэмцэх газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “...авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээний үр дүнтэй холбогдуулан ... хангалтгүй үнэлэгдсэн яам, агентлаг байгууллагуудад тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ээр заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллав.

Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу тус газрын албан ёсны http://www.meds.gov.mn/ цахим хуудсаар болон мэдээ, мэдээллийн самбараар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгосон байдалтай танилцахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдээс мэдээлэл хүлээж авах ажлыг хэвшүүлэх үүднээс үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой байдлаар ил тод болгоогүй, яамны бүтэц чиг үүрэг, хууль тогтоомж, төсөв санхүүгийн талаарх мэдээллийг байршуулаагүй байв.

2016 оны 1-3 дугаар сард иргэн, аж ахуйн нэгжээс 1377 өргөдөл, гомдол хүлээн авч, үүнээс 130 гомдлын хугацааг хэтрүүлж, шийдвэрлээгүй байна. Хугацаа хэтэрсэн, шийдвэрлэгдээгүй гомдол, мэдээллийн агуулгыг судлан үзэхэд диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн лавлагаа гаргуулах тухай, мэргэжлийн үнэмлэх нөхөн олгуулах тухай, олимпиадын шагнал, урамшууллын тухай, дүн дүйцүүлэх тухай, гэрээт ажилтны цалингийн тухай гэх мэт байгаагийн 66 буюу дийлэнхи нь диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн лавлагаа гаргуулах тухай, мэргэжлийн үнэмлэх нөхөн олгуулах тухай гомдол эзэлж байна. 

Мөн өргөдөл, гомдлыг утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, амаар болон факс, цахим хуудсаар хүлээн авах нөхцөлийг бүрдүүлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан нийтлэг үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна. Боловсролын салбарт хамаарах асуудлаар 2015 онд өргөдөл, гомдол ирүүлсэн иргэдтэй утсаар холбогдон гомдлыг нь хэрхэн шийдвэрлэж, барагдуулсан талаар тодруулахад “Гомдол хүлээн авч шалгаж байгаа тухай хариу хэлдэггүй. Гомдлыг шийдвэрлэсэн талаар албан бичгээр хариу өгдөггүй. Дээд шатны байгууллагад гомдол гаргалаа гэж загнаж дарамт ирсэн” гэх зэргээр хариулт өгөв. Эдгээр байдлаас дүгнэж үзэхэд “Гомдол мэдээллийг хангалтгүй шийдвэрлэдэг” гэж тус яамтай холбогдох иргэдийн гомдол үндэслэлтэй байна. Иргэний гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.5, 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг удаа дараа зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үзэж байна.