Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны худалдан авах ажиллагаатай танилцав

A- A A+
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны худалдан авах ажиллагаатай танилцав

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай танилцав. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар үнэлгээний хороог 2015 онд нийт 66 удаа, 2016 онд 44 удаа, ажлын хэсгийг 2015 онд 2, 2016 онд 1 удаа тус тус байгуулж ажиллуулжээ. 2015 онд гаргасан тушаалын 27, 2016 онд гаргасан тушаалын 4 үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4-т заасан “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор ....тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсхүл төрийн бус байгууллагын 2-оос доошгүй байх төлөөллийг оролцуулна...” гэсэн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ Авлигын эсрэг хуулиар төрийн байгууллагад хүлээлгэсэн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, иргэд, олон нийтэд үйл ажиллагаандаа хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үзлээ.

Мөн 77 удаагийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг оруулсан байх ч тэдгээрийн 39-д “Санаачилгатай нийгэм” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Дарханбатыг удаа дараа сонгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болгож байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс худалдан авах ажиллагааны хүрээнд үнэлгээний хорооны гишүүдийг чадавхжуулах, тэдгээрт мэдээлэл арга зүйн тусгайлсан заавар зөвлөгөө өгч байх, ажлын явцад байнгын хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэл хийгдээгүй байхад санхүүжилт олгохгүй байх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, цаашид авлигад өртөх эрсдлийг бууруулах талаар хамтран ажиллах зэрэг асуудлаар мэдээлэл арга зүйн зөвлөгөө, туслалаа үзүүлж ажиллав.