З.Баасанням: АТГ, Татвар, Санхүү, Цагдаа, Прокурорын байгууллага хамтран ажиллах шаардлагатай

A- A A+
З.Баасанням: АТГ, Татвар, Санхүү, Цагдаа, Прокурорын байгууллага хамтран ажиллах шаардлагатай

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын оффшор бүс дэх асуудлаар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас зарим хэсгийг онцлон хүргэе. 

  • Монгол Улсын иргэн оффшор бүсэд компани байгуулах, данстай байхыг ямар ч хууль тогтоомжоор хориглоогүй. 
  • Нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагчийг тусгайлан ялгаж зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, дээрхийн адил хориглосон заалт байхгүй гэсэн үг. 
  • Төрийн албан хаагч Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Гэвч гадаадад байгаа, ялангуяа оффшор бүс дэх хөрөнгөө мэдүүлэх эсэх талаар хуульд нарийвчлан заагаагүй байсан. 
  • Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт шинэчлэгдсэн. Энэ маягтын дагуу мэдүүлэг гаргагч хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны дансны үлдэгдлээ мэдүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, картны үлдэгдлийг мэдүүлэх үүрэгтэй. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгийн биржээс худалдан авсан хувьцаа, бонд, бусад үнэт цаасыг мэдүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой бичихээр зохицуулсан байгаа. 
  • Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад мэдүүлэг гаргагч болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, картын дансны үлдэгдлийн хуулгыг дотоодын банкнаас гаргуулан авах талаар хуулийн тодорхой заалт зохицуулалт байдаггүй. Тиймээс хяналт шалгалтыг бүрэн гүйцэд чанартай хийхэд сөргөөр нөлөөлөх тал бий. 
  • Түүнээс гадна албан тушаалтны гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хөрөнгө, орлогын бүртгэл, түүнийг шалгах үйл ажиллагааны талаарх дотоод эрх зүйн орчин бүрдээгүй байгаа учир шаардлагатай механизм байхгүй гэсэн үг. 
  • Оффшор дансыг үндсэндээ татвараас зайлсхийх, мөнгө угаах зорилгоор ашигладаг гэж олон улсад үздэг, тухайн дансан дахь мөнгөний эх үүсвэрийг нягтлан шалгаснаар уг мөнгө хөрөнгө нь гэмт хэргийн замаар бий болсон эсэх, хэрэв тийм бол ямар гэмт хэргийн улмаас бий болсон юм бэ гэдгээс шалтгаалан аль байгууллага гүнзгийрүүлж цаашид шалгах нь тодорхойлогдох боломжтой, манай улсын хувьд. 
  • Нийтлэг байдлаар авч үзвэл оффшор бүстэй холбоотой асуудлыг татвараас зайлсхийх, мөнгө угаах асуудалтай илүү холбож, энэ төрлийн гэмт хэргийг шалгах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд нь шалгаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнуудын төв банк, санхүүгийн хяналтын болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, татварын байгууллага, төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, төрийн албаны ёс зүйн хороо, цагдаа, прокурор зэрэг байгууллагууд шалгаж байгаагаа мэдэгдсэн. 
  • Оффшор данстай гэж нэр дурдагдсан хэн ч бай би ийм данстай, энэ дансаар ийм учиртай төдий хэмжээний гүйлгээ орж, гарсан гэдгээ олон нийтэд нээлттэй үзүүлж харуулчихсан байхад ямар нэгэн хардлага, битүү таамаг яриа гарах учиргүй шүү дээ. Би данстай дансгүй, ашигласан ашиглаагүй компани гэхчилэн мэдэгдэл хийхээсээ илүүтэйгээр оффшор санхүүгийн үйлчилгээг ямар зорилгоор авч байгаа, ямар дансаар хэдий хэмжээний, хэдэн удаагийн гүйлгээ хийснээ хувь хүн өөрөө ил тод мэдээлж зарлахад болохгүй зүйлгүй л дээ.
  • УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон зарим нэр бүхий гишүүдээс энэ асуудлын хүрээнд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгуулах, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгуулах хүсэлтийг ирүүлсэн. Нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг манай байгууллага нарийвчлан хянан үзэж, мэдүүлэгт дурдсан хадгаламж болон гадаад дахь дансны талаарх мэдээллийн үнэн бодит байдлыг тодруулах, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох зэргээр хяналт шалгалтыг явуулж байна. 
  • Манай улсын хувьд бий болоод байгаа нөхцөл байдалтай уялдуулан татварын эрх зүйн зохицуулалт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх болон төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн эрх зүйн зохицуулалтыг цаашид улам бүр боловсронгуй болгох шаардлага харагдаж байна. Бусад улс орнуудтай харилцан туслалцааны гэрээ, хэлэлцээр байгуулж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Үүний тулд хариу үйлчлэл үзүүлэх /ресипросити/ бололцоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудаас ирүүлж болох аливаа хүсэлтийг биелүүлж чадах механизм, чадвар, чадамжийг дотооддоо бүрдүүлэх шаардлагатай. 
  • Хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үүрэгтэй төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого, бизнесийн ашиг сонирхлын асуудлаар гадаад улс орноос мэдээлэл авах, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө хураах, эргүүлэх авах хүсэлтийг тавихын тулд тухайн улс орноос ирэх ийм хүсэлтийг гардан хэрэгжүүлэх чадвартай байх ёстой гэсэн үг. 
  • Гадаад хамтын ажиллагааг сайтар хөгжүүлэх, байнгын харилцаатай байх хэрэгтэй юм. Гэтэл энэ оны төсөвт гадаад томилолтын төсөв бүтэн хасагдсан байгаа. Эрүүгийн хэрэг шалгах явцад ч гадаадын оффшор бүсэд байгуулагдсан компанийн дансны талаарх мэдээллийг гаргуулан авахаар холбогдох байгуулагад нь удаа дараа хүсэлт тавьсан боловч дорвитой ахиц гарахгүй л байгаа. 
  • Оффшор бүсийн санхүүгийн үйлчилгээгээр халхавчлан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох асуудлыг аливаа улс орон дан ганц дотоодын хууль тогтоомжоороо зохицуулахад улам бүр төвөгтэй болж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ нэн түрүүнд манай улсын төрийн албан тушаалтнууд оффшор данс эзэмших, компани байгуулахыг хориглосон хуультай болох хэрэгтэй. 
  • БНХАУ-ын Тянжинь хотноо хуралдсан Олон улсын Авлигатай тэмцэх байгууллагуудын холбооны 9 дэх удаагийн уулзалтаар цаашид авлигатай тэмцэх байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх, энэ ажилд иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг татан оролцуулах, авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан прокурор, шүүх байгуулах, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлыг онцлон тэмдэглэсэн. 
  • Англи улсын Лондон хотноо хуралдсан Авлигын эсрэг олон улсын дээд түвшний уулзалтаар дэлхийн 120 улс орны 200 гаруй мөрдөн байцаагч, прокурор нарыг холбосон өндөр түвшний авлигатай тэмцэх олон талт ажилд дэмжлэг үзүүлэх мэдээлэл солилцооны таатай орчныг бүрдүүлсэн олон улсын сүлжээ байгуулах санаачилга гарч “Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв” буюу IACCC-г байгуулахыг бүрэн дэмжихээ Интерполын дарга мэдэгдэж, 2017 оны 4 дүгээр сар гэхэд бүтэц, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон. Ингэснээр олон улсын хамтын ажиллагааны хүрээнд далд аргаар мэдээлэл солилцох, ажиглах, хэрэг удирдах үйл ажиллагааг явуулдаг жишгийг Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв бий болгон хэрэгжүүлэхээр болж байна. 
  • Энэтхэг, Австрали зэрэг улс төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж асуудлыг өргөн хүрээтэйгээр шалгаж байгаа нь сайн туршлага. Үүнийг бид хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Оффшор бүсэд татвараас зайлсхийх, хууль бус аргаар олсон хөрөнгөө нуух, эсвэл мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг энэ чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Авлигатай тэмцэх газар, татварын байгууллага, санхүүгийн мэдээллийн алба, санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, прокурорын байгууллага хамтран ажиллах шаардлагатай.

 

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
2016.05.23.