Гадаад мэдээний тойм

A- A A+
Гадаад мэдээний тойм

Дэлхийн удирдагчид Лондоны дээд хэмжээний уулзалтаар авлигатай тэмцэхээ амлалаа 

Их Британи. Авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Лондон хотноо зохион байгууллаа. Уг уулзалтын хүрээнд болсон онцлох үйл явдлыг хураангуйлан хүргэж байна. 

  • Дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд авлига, терроризм хоёр аюул занал учруулж байгааг Дэвид Камерон, Жон Керри нар анхаарууллаа. 
  • Их Британи, Афганистан, Кени, Франц, Нидерланд, Нигери гэсэн 6 улс өөрийн газар нутаг дээрх компаниудын жинхэнэ эзэн (ашиг хүртэгч эзэн)-ий бүртгэлийг олон нийтэд ил болгохоо зөвшөөрөв. 
  • Ашиг хүртэгч эздийн мэдээллийг олон нийтэд нээлттэй бус, харин Засгийн газрууд хоорондоо солилцож байх 29 улсын бүлэгт 11 улс нэмэгдэж нэгдэхээр болов. Эдгээр улс орнуудад Кайманы арлууд, Жерси, Бермуд, Ман арал, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байна. 
  • Ашиг хүртэгч эзний бүртгэлийн мэдээллийг хуваалцахаас татгалзсан улсуудын нэг нь АНУ байсан бөгөөд америкчуудыг илүү хариуцлагатай болгох, мөн мэдээллийг хуваалцахаас татгалзсан Их Британийн Виржин Арлуудыг илүү ил тод болгоход түлхэц үзүүлэх болно гэж Дэвид Камерон хэллээ. 
  • Их Британийн хилийн чанад дахь арлууд (Виржин Арлууд, Жерси) жинхэнэ эзэмшигчийн талаарх мэдээллийг Их Британийн татвар, хууль хяналтын байгууллагад өгөхөөр болсон талаар өнгөрсөн сард Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдэж байсан билээ. Хэдий тийм ч жинхэнэ эзэмшигчийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох гэрээнд дээрх оффшор бүсүүд нэгдээгүй байгаад оролцогчид шүүмжлэлтэй хандсан байна. 
  • Дэлхийн томоохон оффшор бүсүүд болох Бермуд болон Кайманы арлуудын төлөөллийг уг дээд хэмжээний уулзалтад оролцуулсан бол Виржин Арлууд, Панам зэрэг улс, бүс нутгаас төлөөлөл оролцсонгүй. 

Авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд 10 мянга гаруй “амьгүй албат”-ыг хасав 

Танзани. Тус улс авлигын эсрэг явуулж буй кампанит ажлын хүрээнд төрийн албанаас цалин авдаг 10 мянга гаруй “амьгүй албат”-ыг хасаад байна. “Амьгүй албат” гэдэг нь зөвхөн цалингийн цэсэнд нэр нь байдаг хүмүүсийг егөөдөн нэрлэж буй ажээ. 

Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдэхдээ “амьгүй албат”-уудад нэг сарын хугацаанд Засгийн газраас төлсөн цалингийн зардлын хэмжээ 2 сая гаруй ам.доллартай тэнцэж байна гэв. Албаныхны мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагын цалингийн системд хяналт шалгалт үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд “амьгүй албат”-уудын тоо цаашид ч нэмэгдэж магадгүй аж.

Тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули өнгөрөгч оны 10 дугаар сард сонгогдохдоо төрийн байгууллага дахь үрэлгэн зардлын хэмжээг бууруулахаа амалж байсан юм. Улмаар энэхүү зардлыг хөгжилд зориулахыг шаардаж, тэрээр 3 дугаар сард аудит хийлгэх шийдвэрийг гаргаж байсан билээ. Бульдозер хочит ноён Магуфули ерөнхийлөгч болсноосоо хойш эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэхийг болиулах зэргээр багагүй хэмжээний зардлыг хэмнэх арга хэмжээ аваад байгаа юм.

Одоогийн байдлаар Африк тивийн олон орон “амьгүй албат”-уудын залиланд өртөөд байгаа юм. Тухайлбал, хоёрдугаар сард Нигерийн Засгийн газар бодит байдалд байдаггүй ч цалин авдаг 24 мянган ажилтныг аудитын шалгалтын хүрээнд илрүүлж байсан бол 2014 оны 9 дүгээр сард Кенийн Засгийн газар 12 мянган хүнийг илрүүлснийхээ дараа төрийн бүх албан хаагч давхцахааргүй өгөгдлийн бүртгэлийг хийж эхэлжээ.

Ху Жинтаогийн туслах асныг авлигын хэрэгт буруутгажээ 

БНХАУ. Тус улсын дарга Ху Жинтаогийн туслах асан Лин Жихуа-г авлигын хэрэгт албан ёсоор буруутгаад байна. Төрийн мэдээний “Синхуа” агентлагаас мэдээлснээр албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан, хээл хахууль авсан хэрэгт Лин Жихуа-г буруутгаж байгаа аж.

Хятадын прокуророос гаргасан мэдэгдэлд 59 настай Лин Жихуа нь өөрийн хашиж байсан төрийн өндөр албан тушаалуудыг хээл хахууль авах, найз нөхдөдөө давуу байдал олгох, төрийн нууцыг хууль бусаар олж авахад ашигласан гэжээ. Мөн уг мэдэгдэлд түүний энэхүү үйлдэл нь улс болон олон нийтийн өмч, хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэж тодорхойлжээ. Улмаар түүний хэргийг Тяньжин дахь шүүхээр шийдвэрлэх аж. 

Ноён Ху Жинтаогийн залгамжлагч Си Зиньпиний удирдаж буй өргөн цар хүрээтэй авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд шалгагдаж буй улс төрийн томоохон сэхээтэн буюу “бар”-ын нэг болох Лин Жихуа нь Коммунист намын Төв хорооны Ерөнхий газрын дарга байсан юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 


Багц мэдээллийг Авлигатай тэмцэх газрын
Судалгаа шинжилгээний албанд орчуулж бэлтгэв.