АТГ өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийжээ

A- A A+
АТГ өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийжээ

Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг байна. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь өөрсдийнхөө ажлын үр дүнг тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач тустай ажээ. Энэ удаа 2016 оны 4 дүгээр сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээг танилцуулахаар бэлтгэлээ.

АТГ хэдэн өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бэ?

2016 оны 4 дүгээр сард Авлигатай тэмцэх газар нийт 90 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх сарынхаас 7-оор буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны 4 дүгээр сард 108 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч байсантай харьцуулбал энэ жил мөн буурчээ.

Дүн шинжилгээнээс сонирхол татаж буй нь дээрх өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх олонхийг даваа гарагт хүлээн авсан байх юм.

Өргөдөл, гомдол, мэдээллийг ямар хэлбэрээр ирүүлэв?

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ-т шуудан, харилцааны бүх төрлийн хэлбэрээр өгч болдог. 2016 оны 4 дүгээр сард хүлээн авсан 90 өргөдөл, гомдол, мэдээллийн ихэнх нь албан бичгээр, шуудангаар иржээ. Мөн иргэд биеэр ирж өргөдөл, гомдол, мэдээллээ өгөх нь олон байв. 26 иргэн биеэр ирж гомдол өгсөн байна.

АТГ-ын 70110251 дугаарын факсаар, contact@iaac.mn цахим шуудангаар тус бүр 1 гомдол ирүүлжээ. Харин 1800-1969 дугаарын утсаар өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна. Иргэд энэхүү тусгай дугаарыг өндөр төлбөртэй хэмээн эндүүрдэг ч 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар тооцогддог юм.

Аль аймгаас олон гомдол ирүүлсэн бэ?

Дүн шинжилгээнд өргөдөл, гомдол, мэдээллийг ирүүлсэн байдлыг аймаг, нийслэлээр авч үзжээ. 2016 оны 4 дүгээр сард хүлээн авсан 90 өргөдөл, гомдол, мэдээллийн 43-ыг Улаанбаатар хотоос ирүүлсэн байна. Тэгвэл 8 нь Дорноговь, 5 нь Сэлэнгэ аймгаас ирүүлжээ. Дархан-Уул, Баян-Өлгий аймгаас тус бүр 4, Дорнод, Булган, Завхан, Ховд аймгаас тус бүр 3, Өмнөговь, Дундговь, Орхон, Баянхонгор, Говь-Алтай аймгаас тус бүр 2, Төв, Архангай, Хөвсгөл, Увс аймгаас тус бүр 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байв.

Харин Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна.

Ямар өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлав?

Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгаар нь ангилж үзвэл мөн сонирхолтой дүр зураг харагдана. АТГ-ын 2016 оны 4 дүгээр сард хүлээн авсан 90 өргөдөл, гомдол, мэдээллийн 42 нь гэмт хэргийн шинжтэй байв. Тэгвэл 37 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. АТГ-ын харьяалан шалгах гэмт хэрэг, зөрчлийн төрөлд хамаарахгүй 9 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нутгийн удирдлага, газрын харилцаа, кадастр, боловсрол, гааль, барилга, батлан хамгаалах, зам, тээвэр, нийгмийн даатгал, халамж, төрийн өмчийн удирдлага, банк, улсын бүртгэл, архив, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбар, байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2016 оны 4 дүгээр сард давамгайлжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага, газар олголт, бзртгэлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол их ирсэн дүнтэй байна.

Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол олон иржээ

2016 оны 4 дүгээр сард АТГ-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдагдсан зөрчлийг шинж чанараар нь авч үзжээ. Ингэхэд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 32 буюу хамгийн олон нь байв.

Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил гаргасан 19, хууль бус шийдвэртэй холбоотой 7, хээл хахууль авсан 7, өмч хөрөнгө үавшсан 5, айлгаж дарамталсан 4, хууль бус томилгоо 3, хээл хахууль өгсөн 2, шүүхийн шийдвэр биелүүлээгүй 2, худалдан авах ажиллагаа зөрчсөн 2, ёс зүйн зөрчил гаргасан 1, хөрөнгө орлогоо нуусан, худал мэдүүлсэн 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлжээ.

АТГ хүлээн авсан 90 гомдлын 72-ыг нь шийдвэрлэсэн

АТГ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 оны 4 дүгээр сард хүлээн авсан 90 өргөдөл, гомдол, мэдээллийн 72-ыг нь шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг дунджаар 23.8 өдөрт багтаан шийдвэрлэжээ. Хуулийн дагуу өргөдөл, гомдол, мэдээллийг 30 хоногт багтан шийдвэрлэж, хариу өгөх ёстой байдаг билээ.

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллүүдээс 19-ийг нь харьяаллын дагуу шилжүүлж, 13-ынх нь зөрчлийг тогтоож шийдвэрлэсэн бол 4-т нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Зөрчил илрээгүй тул 8 өргөдөл, гомдол, мэдээллийг хаасан байна.