Авлигатай тэмцэх газар 2016 оны эхний хагас жилд юу хийв?

A- A A+
Авлигатай тэмцэх газар 2016 оны эхний хагас жилд юу хийв?

Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2016 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд эхний хагас жилд хийсэн ажил, хүрсэн үр дүнг үүгээр тайлагнаж байна.

Хууль тогтоомж зөрчсөн 24 тушаал, дүрэм, журмыг хүчингүй болгуулав

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 133 байгууллага “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлуулан ажиллаж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 яам, 2 агентлаг, Дундговь аймгийн 14 сум, Дорнод, Сэлэнгэ аймаг болон Замын-Үүд дахь гаалийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨК-д ажиллав.

Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээгээр санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн үр ашиг, үндэслэл тооцоо, гүйцэтгэлийг нарийвчлан шалгаж мэргэжлийн эксперт, шинжээчдээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар материалыг шилжүүлсэн, зөрчил арилгуулах тухай албан бичгийг БХЯ-нд хүргүүлсэн.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг барилга, уул уурхай, гааль, эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлж байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 6 зөвлөмж хүргүүлж, 1 дүрэм, 9 журам, 3 захирамж, 9 тогтоол, 2 тушаал хүчингүй болгуулж, 5 ёс зүйн дүрмийн төсөлд санал өгч, иргэдээс гаргасан 15 гомдлыг шийдвэрлэсэн байна.

Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр нийт 10105 хүнийг сургалтад хамруулжээ.

Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх 2015 оны мэдээллийг УИХ-д хүргүүлсэн.

Хүүхдийн шударга байдлын судалгаа, Шударга байдлын үнэлгээний 2015 оны үр дүнг тус тус танилцуулав.

792 албан тушаалтны 1589 мэдүүлгийг хянан үзлээ

Улсын хэмжээнд хуулийн үйлчлэлд хамрагдах нийт 39850 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ бүртгүүлсэн байна. 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй бөгөөд зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн дагуу сануулах болон ажлаас халах хүртэлх хэмжээний хариуцлагыг тооцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан мэдүүлэг гаргагчдын

  • 12181 буюу 30 хувь нь төрийн захиргааны албан тушаалтан
  • 12047 буюу 30 хувь нь төрийн тусгай албан тушаалтан
  • 7515 буюу 19 хувь нь улс төрийн албан тушаалтан
  • 4226 буюу 11 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан
  • 269 буюу 0,7 хувь нь төрийн өндөр албан тушаалтан
  • 3612 буюу 9 хувь нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон бусад албан тушаалтан байна.

Төрийн өндөр 269 албан тушаалтан хуулийн хугацаанд мэдүүлгээ 100 хувь шинэчлэн мэдүүлснийг бүртгэж авсан. Эдгээрээс 220 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхтгэлд, мөн www.xacxom.iaac.mn цахим хуудсааар дамжуулан олон нийтэд мэдээлж, танилцуулсан.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, Газрын тосны газар, Гааль, татварын ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар, Уул уурхайн яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Дундговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Гааль, татварын ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Хөрөнгө оруулалтын газар зэрэг нийт 9 байгууллагын 792 албан тушаалтны 2014, 2015 оны 1589 мэдүүлгийг хянан үзсэнээс зөрчилтэй мэдүүлсэн 124 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилогдсон нийт 129 зөрчлийг илрүүлсэн. Холбогдох байгууллагад зөвлөмж, чиглэлийг хүргүүлж, зөрчлийг арилгуулсан.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар нийт 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.

Өөртөө болон бусдад давуу байдал олгосон тухай гомдол хамгийн олон иржээ

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 166-г нь хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр хууль тогтоомж зөрчсөн 21 зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан 15 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна.

Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл:

  • Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн талаар 35
  • Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон талаар 56
  • Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн талаар 40
  • Ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр, хууль бус үйлдэл гаргасан талаар 35 байна.

Тайлант хугацаанд хүлээж авсан нийт өргөдөл, гомдлын дийлэнх нь хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.

2016 оны эхний хагас жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4163 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 4010-ыг нь хянан шийдвэрлэж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн. Эдгээрээс Ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан нийт 159, хянах боломжгүй үндэслэлээр 209 мэдүүлгийг буцаан хүргүүлжээ. Мөн албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр хууль зөрчин томилсон 53 тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, 7 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг гаргасан байна.

Мөрдөн шалгасан болон яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өссөн дүнтэй байна

Нийт 489 гомдол, мэдээлэл хүлээн авсны 196 нь гэмт хэргийн шинжтэй байна. Өмнөх оны үлдэгдэлтэй нийлээд нийт 209 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс

  • 45 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн;
  • 132 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан;
  • 20 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн;
  • одоо ажиллагаанд 12 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй;
  • шийдвэрлэлт 94.3 хувьтай байна.

Хянан үзсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл:

  • нийтийн алба, төрийн албаны үйл ажиллагаанд хамаарах 190 гомдол, мэдээллээс
    - төрийн улс төрийн албанд хамаарах 50,
    - төрийн захиргааны албанд хамаарах 70,
    - төрийн тусгай албанд хамаарах 33,
    - төрийн үйлчилгээний албанд хамаарах 37 гомдол, мэдээлэл,
  • бусад салбарт хамаарах 19 гомдол, мэдээллээс
    - хувийн хэвшлийн үйл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах 12,
    - төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 1,
    - бусад 6 гомдол, мэдээлэл шалгагджээ.

Хуульд заасан харьяаллын 325 үйлдэл, 297 холбогдогчтой 167 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал:

  • төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 65
  • төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 11
  • төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 21,
  • төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 6
  • хээл хахууль авах 64
  • хээл хахууль өгөх 58
  • хээл хахуульд зуучлах 14
  • хууль бусаар хөрөнгөжих 3
  • мөнгө угаах 4
  • бусад хэрэг 79 байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргээс

  • 39 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр
  • 27 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар
  • 14 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж
  • 22 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж
  • 12 хэргийг түдгэлзүүлж
  • одоо 53 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа хийлээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг тус тус өссөн дүнтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн

Мөрдөн шалгасан хэргийн 102 хэргийг буюу 61.2 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 43.1 хувьтай байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн захирал Ю.Энхтуул нарын, Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга Ц.Төрхүү нарт холбогдох, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа Ч.Отгон, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Б.Дашгүнжид нарын, “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын захирал М.Жаргал, Сүхбаатар аймгийн Мэнэнгийн талын сав газрын захиргааны газрын дарга Д.Батхүрэл нарын 19 хүнд холбогдох 10 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн.

Мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл 1 мөрдөн байцаагч 8.7 гомдол, мэдээлэл, 6.9 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Шүүх, прокуророос давхардсан тоогоор

  • эрүүгийн 43 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан,
  • эрүүгийн хэрэг үүсгэх саналтай 5 тогтоолыг прокурор хүчингүй болгосон,
  • эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 4 материалд прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Шүүх, прокуророос буцсан хэргүүдтэй Мөрдөн шалгах хэлтсийн болон Мөрдөн байцаах албаны дарга нар нэг бүрчлэн танилцаж зохих үүрэг, даалгаврыг өгч, хэргийг шуурхай, чанартай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Эрүүгийн хэрэгт 297 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар өссөн.

Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл

  • төрийн улс төрийн 22
  • төрийн захиргааны 49
  • төрийн тусгай 42
  • төрийн үйлчилгээний 37
  • төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 74
  • энгийн иргэд 73 байна.

Гэмт хэргийн улмаас 27 тэрбум 16.1 сая төгрөгийн хохирол учирснаас

  • мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн
  • 500.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж 15 ш, 33.0 сая төгрөгийн эксковатор 1 ш, 748.5 сая төгрөгийн автомашин 12 ш, 1121.8 сая төгрөгийн орон сууц 9 ш, 193.0 сая төгрөгийн хашаа байшин 5 ш, 20 сая төгрөгийн авто зогсоол 1 ш, 18 сая төгрөгийн мал, 69.1 сая төгрөгийн газар 5 ш, 1.2 сая төгрөгийн автобусны дугуй 4 ш, бэлэн мөнгө 640.0 сая, нийт 3 тэрбум 344.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэхээр битүүмжлэн хамгаалсан
  • хээл хахуулийн хэмжээ-автомашин 3 ш буюу 90.0 сая, бог мал 1 ш буюу 0.5 сая төгрөг, бэлэн мөнгө 1 тэрбум 379.7 сая төгрөг, нийт 1 тэрбум 470.2 сая төгрөг, 140 мянган ам.доллар байна.

Аудитын шалгалтаар зөрчилгүй гэсэн дүгнэлт гарчээ

Авлигатай тэмцэх газар ажлын гүйцэтгэл, хуулиар хүлээсэн чиг үүргээ эхний хагас жилийн байдлаар зохих ёсоор, хангалттай биелүүлсэн гэж үзэж байна.

Шилэн дансны тухай хууль, журмын дагуу төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлага, хэмнэлт, хэтрэлт, гүйцэтгэлийг холбогдох бусад мэдээ, мэдээллийн хамт Шилэн дансны болон байгууллагын сайтад тухай бүр байршуулж ажиллав.

Үндэсний аудитын газраас 2016 оны 1 дүгээр улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хянасан бөгөөд “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт гарсан байна.

2016 оны батлагдсан урсгал зардлын төсвийн хуваарь, хөрөнгө оруулалтын зардлын төсвийг жил, улирал, сараар тус тус гаргаж, төрийн санд байрлах харилцах дансны бэлэн бус болон бэлэн мөнгөний ажил, гүйлгээ, үндсэн хөрөнгө болон бараа материалын орлого, зарлага, нярвын тайланг гаргаж, нягтлан бодох бүртгэл хөтлөх зэрэг багц арга хэмжээг цаг хугацаанд нь зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газар албан ёсны цахим хуудсаа шинэчилж, байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээллийг тогтмол, шуурхай хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нэг бүрийг хэвлэлийн мэдээ, тодруулга, ярилцлага, сурвалжлага, нийтлэл, инфографик хэлбэрээр бэлтгэж иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчлав.

Авлигатай тэмцэх газрын 2016 оны эхний хагас жилийн тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.